
Саудын Араб улс исламын шашны шиит урсгалын номлогч Нимр аль-Нимрийг терроризмын хэрэгт буруутган, цаазаар авснаас үүдэлтэйгээр тус улс болон Ираны хооронд хурцадмал байдал үүсээд байгаа. Энэ сөргөлдөөнд Саудын Арабын талыг баримтлан, Иранаас элчин сайдаа татсан орон дахин нэгээр нэмэгдлээ.
Өчигдөр Катарын эрх баригчид Кувейтийн адилаар Иранаас элчин сайдаа эргүүлэн татахаар шийдвэрлэсэн байна. Мөн Иорданы гадаад хэргийн яам Иранаас өөрийн суугаа элчин сайдыг дуудаж, эсэргүүцлээ илэрхийлжээ. Өнгөрсөн бямба гарагт Эр-Рияд хотод аль-Нимрийг цаазаар авах ялыг гүйцэтгэсний дараа Ираны иргэд Тегеран дах Саудын Арабын элчин сайдын яам, Консулын газарт дайран орсон юм. Үүнээс үүдэлтэйгээр дараа өдөр нь Саудын Араб Ирантай дипломат харилцаагаа тасалсан. Улмаар Бахрейн, Судан зэрэг улс мөн Ирантай дипломат харилцаагаа тасалж, харин Арабын Нэгдсэн Эмират улс Иран дахь дипломат төлөөллөө нэг шат бууруулаад байгаа юм. Саудын Араб, Ираны хоорондох сөргөлдөөн энэ хэвээр үргэлжилбэл Ойрхи Дорнодын бүс нутагт хурцадмал байдлыг улам дэвэргэж, Сирийн хямралыг шийдвэрлэхэд саад тотгор болох вий гэж олон улс болгоомжилж байна. НҮБ энэ сард багтаан Сирийн засгийн газар, босогчдын хооронд өөрийн зуучлал дор энхийн яриа хэлэлцээ зохион байгуулахаар төлөвлөж байгаа. Энэ асуудлаар дэмжлэг хүсэхээр Сирийн асуудал эрхэлсэн НҮБ-ын тусгай төлөөлөгч Стаффан де Мистура өчигдөр Саудын Арабд айлчиллаа. Түүнийг хүлээн авч уулзсан Саудын Арабын гадаад хэргийн сайд Адель аль-Жубейр Сирийн хямралд улс төрийн шийдэл олоход бусад улстай хамтран ажиллах бодлогоо үргэлжлүүлнэ гэдгээ мэдэгдсэн байна. Стаффан де Мистура дараа нь Иранд айлчлан, Сирид энх тайван тогтоох яриа хэлэлцээнд дэмжлэг хүсэх юм байна.
Катар Иранаас элчин сайдаа татав | ||
Үзсэн: 803 | Mongolian National Broadcaster |
Сэтгэгдэл бичих:
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.