
Умард Солонгос устөрөгчийн бөмбөг туршсантай холбогдуулан АНУ-ын Би-52 бөмбөгдөгч онгоц Өмнөд Солонгосын нутаг дэвсгэрт нислэг үйлджээ. Цөмийн пуужин тээх хүчин чадалтай гэгдэж байгаа тус бөмбөгдөгч онгоц өчигдөр Өмнөд Солонгосын Усань агаарын баазын дээгүүр нисэж яваа нь үзэгдсэн байна.
Тус онгоцыг Өмнөд Солонгосын агаарын хүчний Эф-15К байлдааны онгоц болон Өмнөд Солонгос дахь АНУ-ын Эф-16 байлдааны онгоцууд дагалдан явжээ. Усань агаарын цэргийн бааз нь хоёр Солонгосыг заагласан цэрэггүй бүсээс 77 км зайд оршдог юм. Би-52 бөмбөгдөгч онгоцыг ийнхүү Умард Солонгосын хилтэй ойролцоо нислэг үйлдүүлсэн тухайд Өмнөд Солонгос, АНУ-ын цэргийн албан тушаалтнууд дараах мэдэгдлийг хийжээ.
БНСУ-ын агаарын цэргийн хүчний үйл ажиллагаа хариуцсан командлагч Ли Ван Гын энэ талаар "БНСУ, АНУ хоёр орны холбоотны харилцаа улам бэхжин батжиж байна. Манай хоёр орны агаарын цэргийн хүчин ямар ч өдөөн хатгалгыг тулгарсан даруйд нь шийдэмгийгээр хариу арга хэмжээ хэрэгжүүлэхэд бэлэн” гэсэн бол АНУ-ын агаарын хүчний VII командын дарга, АНУ-ын БНСУ дахь цэргийн хүчний дэслэгч генерал Терренс О’Шонесси, "АНУ холбоотны хувиар БНСУ-ын аюулгүй байдлыг батлан хамгаалах, Солонгосын хойгийн тогтвортой байдлыг хадгалан бэхжүүлэх хүчин чармайлтынхаа хүрээнд байнгын цэрэг хүчнийхээ тус бүс нутаг дахь эргүүлийн хамрах хүрээг нэмэгдүүлэхээр шийдвэрлэлээ. Тус бүс нутагт нислэг үйлдсэн Би-52 бөмбөгдөгч онгоц бол Өмнөд Солонгосын батлан хамгаалах салбарт үзүүлэх боломжтой холбоотны туслалцааны ердөө нэг жишээ юм” хэмээн мэдэгдсэн юм.
Өмнөд Солонгосын нутагт нислэг үйлдсэн Би-52 бөмбөгдөгч онгоц Умард Солонгосын газар доогуурх байгууламжуудыг устгах хүчин чадалтай болохыг шинжээчид онцолж байгаа юм. Тус онгоц Усань агаарын цэргийн баазын орчимд нислэг үйлдсэнийхээ дараа Гуам арал дахь Америкийн Андерсен агаарын цэргийн бааз руу эргэн ниссэн байна.
АНУ-ын бөмбөгдөгч онгоц БНСУ-ын нутаг дэвсгэрт нислэг үйлдэв | ||
Үзсэн: 692 | Mongolian National Broadcaster |
Сэтгэгдэл бичих:
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.