Шууд Chart

Сирийн яриа хэлэлцээнд дэмжлэг хүсэв

2016-01-11 15:18:55

НҮБ энэ сард багтаан Сирийн засгийн газар, босогчдын хооронд өөрийн зуучлал дор энхийн яриа хэлэлцээ зохион байгуулахаар төлөвлөж байгаа юм. Энэ асуудлаар дэмжлэг хүсэхээр Сирийн асуудал эрхэлсэн НҮБ-ын тусгай төлөөлөгч Стаффан де Мистура өчигдөр Иран улсад айлчилсан байна.

Саудын Араб улс исламын шашны шиит урсгалын номлогч Нимр аль-Нимрийг терроризмын хэрэгт буруутган, цаазаар авснаас үүдэлтэйгээр тус улс болон Ираны хооронд хурцадмал байдал үүсээд байгаа. Байдал энэ хэвээр үргэлжилбэл, Ойрхи Дорнодын бүс нутагт хурцадмал байдлыг улам дэвэргэж, Сирийн хямралыг шийдвэрлэхэд саад тотгор болох вий гэж олон улс болгоомжилж байгаа юм.

Харин Ираны гадаад хэргийн сайд Жавад Зариф Сирийн асуудал эрхэлсэн НҮБ-ын тусгай төлөөлөгчийг хүлээн авч уулзах үеэрээ Сирийн хямралыг шийдвэрлэхэд тус улс хариуцлагатай, ажил хэрэгч байдлаар хандана гэдгээ илэрхийллээ.

Тэрээр Иран, Саудын Арабын хооронд үүссэн хурцадмал байдал Сирид энх тайван тогтоох яриа хэлэлцээнд сөргөөр нөлөөлөх ёсгүй гэдгийг мэдэгдсэн тухай тус улсын мэдээллийн агентлагууд уламжилж байна. Сирийн иргэний дайнд Иран улс Сирийн ерөнхийлөгч Башар Асадыг дэмжсэн байр суурьтай байгаа бол Саудын Араб сөрөг хүчнийхэнд дэмжлэг үзүүлж байгаа юм. Иймээс хоёр орны хоорондох сөргөлдөөн Сирид энх тайван тогтоох яриа хэлэлцээнд сөргөөр нөлөөлөхөөс сэргийлэх зорилгоор Сирийн асуудал эрхэлсэн НҮБ-ын тусгай төлөөлөгч Стаффан де Мистура өнгөрсөн долоо хоногт Саудын Арабд мөн айлчилсан. Энэ үеэр Саудын Арабын гадаад хэргийн сайд Адель аль-Жубейр Сирийн хямралд улс төрийн шийдэл олоход бусад улстай хамтран ажиллах бодлогоо үргэлжлүүлнэ гэдгээ мэдэгдсэн юм.

Нийтэлсэн: Э.Энхрэл

Сирийн яриа хэлэлцээнд дэмжлэг хүсэв  
Үзсэн: 1234 Mongolian National Broadcaster  

Сэтгэгдэл бичих:

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.
1000 Сэтгэгдэлээ бичнэ үү

Бидэнтэй нэгдээрэй