
Энэ оноос эхлэн Хятад улсад нэг гэр бүл хоёр хүүхэдтэй болох боломж албан ёсоор нээгдсэн. Үүнтэй холбогдуулан энэ онд тус улсад төрөлтийн тоо эрс нэмэгдэх болов уу гэх найдварыг тоглоом үйлдвэрлэгч компаниуд өвөртөлж байна. Хонгконгод энэ өдрүүдэд тоглоом үйлдвэрлэгч компаниудын олон улсын үзэсгэлэн худалдаа зохион байгуулагдаж байгаа юм.
Тус үзэсгэлэн худалдаанд оролцогчид Хятад улс нэг гэр бүл-нэг хүүхэд бодлогоо халсантай холбогдуулан хүүхдийн хувцас хэрэглэл болон тоглоом наадгайны худалдаа энэ онд эдийн засгийн нөхцөл байдлаас үл хамааран 5 хувиар нэмэгдэнэ гэж тооцоолж байна. Иймээс тоглоом үйлдвэрлэгч компаниудын хоорондох өрсөлдөөн ширүүсэх хандлагатай байгаа юм. Эдгээр өрсөлдөгчөөс тухайлбал, Хонгконгийн үзэсгэлэн худалдаанд хүүхдэд зориулсан бараа бүтээгдэхүүн үйлдвэрлэгч Хятадын "Гүүдбейби Интернэшнл" компани ихэр хүүхдийн тэргээ танилцуулсан аж.
Энэ оны үзэсгэлэн худалдаанд уламжлалт зөөлөн тоглоомоос гадна эвлүүлдэг робот, ухаалаг гар утас ашиглан тоглож болох шинэ төрлийн цахим тоглоомууд худалдан авагчдын анхаарлыг ихэд татаж байна. Хонгконгийн хүүхдийн боловсролд тустай тоглоом үйлдвэрлэдэг "Эм Индастриал Девелопмент" компани хүүхэд хүрээлэн буй орчноосоо шинжлэх ухааны анхан шатны мэдлэг ойлголт авахад зориулсан тоглоомууд зохион бүтээжээ. Хятадад жил бүр ойролцоогоор 15 сая шинэ хүн мэндэлдэг. Харин энэ онд тус үзүүлэлт 2.4 саяар өсөх болов уу гэж шинжээчид тооцоолж байна. Үүнтэй холбогдуулан тоглоомын зах зээлийн ашиг орлого 11.4 тэрбум америк доллараар нэмэгдэх төлөвтэй байгаа юм.
Хүүхдийн тоглоом үйлдвэрлэгчдийн ашиг орлого эрс нэмэгдэнэ | ||
Үзсэн: 1366 | Mongolian National Broadcaster |
Сэтгэгдэл бичих:
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.