
Цаасан шувуу сонирхогч олон орны иргэд Энэтхэгийн баруун нутагт орших Гужарат мужид цуглан, өөрсдийн бүтээлээрээ өрсөлдөж байна. Энэ наадмыг өвөл цаг дуусаж, урин хавар айлчлан ирж байгааг тохиолдуулан жил бүр зохион байгуулдаг уламжлалтай юм. Цаасан шувууны олон улсын энэхүү наадмыг санаачлан зохион байгуулагч нь Гужарат мужийн аялал жуулчлалын газар юм. Гужарат мужийн наадамд оролцохоор 29 улс орноос цаасан шувуу бүтээгчид тус мужид хүрэлцэн очжээ.
Энэ оны наадамд оролцогчид цаасан шувуугаа далай тэнгисийн амьтад, шавж, үлэг гүрвэл болон өвөрмөц содон төрхтэй бусад зүйлсээс санаа авч, урласан байна. Зохион байгуулагчдын хэлж байгаагаар энэ удаагийн наадамд Энэтхэг болон бусад улсаас нийт 180-аад уран бүтээлч бүртгүүлэн, оролцож байгаа юм. Гужаратын наадмыг зорьж очсон олон улсын цаасан шувуу урлаачдын дотроос АНУ, Их Британи, Франц, Итали, Орос, Нидерланд зэрэг улсын иргэдийг жишээлэн нэрлэж болохоор байна.
Түүнчлэн Гужаратад цаасан шувуу урлагчдаас гадна тэдний бүтээлийг сонирхох гэсэн хүмүүс олноороо очиж байгаа юм. Зарим уран бүтээлч цаасан шувуугаа аварга том хэмжээтэй урласан бол зарим нь өчүүхэн жижиг хэмжээтэйг ч бүтээжээ. Дэлхийн хамгийн жижиг цаасан шувуу бүтээсэн дээд амжилтыг эзэмшигч ч гэсэн энэ наадамд оролцож байна.
Тус наадмаас гадна Энэтхэгийн хот тосгодын иргэд цаасан шувууны дайн гэж нэрлэж болохуйц тэмцээн зохион байгуулдаг уламжлалтай. Энэ тэмцээнд оролцогчид цаасан шувууныхаа өнгө үзэмж гэхээсээ илүү бат бэх хийцэд нь анхаардаг байна. Учир нь тэмцээнд оролцогчид бие биенийхээ цаасан шувууг хатган сүлбэж унагасаар, хамгийн сүүлд тэнгэрт үлдсэн цаасан шувууны эзэн ялагчаар тодордог уламжлалтай юм.
Энэтхэгт цаасан шувуу урлаачдын олон улсын наадам болж байна | ||
Үзсэн: 679 | Mongolian National Broadcaster |
Сэтгэгдэл бичих:
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.