Шууд Chart

Пан Ги Мун: Таван дүрвэгч тутмын дөрөв нь хөгжиж байгаа оронд орогнож байна

2016-01-15 13:21:38

Өчигдөр НҮБ-ын Ерөнхий нарийн бичгийн дарга Пан Ги Мун сорилт бэрхшээл дүүрэнтэй 2016 онд хийж хэрэгжүүлэхээр төлөвлөсөн ажлынхаа талаар НҮБ-ын Ерөнхий Ассамблейд товч мэдэгдэл хийлээ. Индэр дээр хэлсэн үгээ Пан Ги Мун цугласан төлөөлөгчдөд нэгэн сайхан мэдээг дуулгаснаар эхэлсэн байна.

Тодруулбал, Гвиней, Сьерра Леоне зэрэг улсын араас Баруун Африкийн Либери улс мөн эбола вирусын халдварыг бүрэн дарсан болохыг тэрээр зарлалаа. Үүнийхээ дараа Пан Ги Мун 193 орныг эгнээндээ нэгтгэсэн НҮБ-ын өмнө энэ онд тулгарч байгаа сорилт бэрхшээлүүд, тэдгээрийн дунд цагаач дүрвэгчдийн хямрал, алан хядагчдын халдлага дайралт, уур амьсгалын өөрчлөлт болон цөмийн зэвсгийн аюул занал зэрэг асуудлын талаар ярьсан байна. Сүүлийн саруудад Европын холбооны гишүүн улс орнуудад цагаач дүрвэгчдийн хямрал болж байгаа тухай хэвлэл мэдээлэлд их шуугих болсон. Харин НҮБ-ын тэргүүн энэ тухайд дэлхий дахин дахь 60 сая дүрвэгчийн олонх нь Европын холбоо бус, хөгжиж байгаа улс орнуудад хүрч очсон гэдгийг онцоллоо. Түүний хэлснээр Европт хүрч очсон цагаач дүрвэгчдийн нийт тоо нь дэлхий дахин дахь 60 сая дүрвэгчийн хоёр хувьд ч хүрэхгүй, тодруулбал дэлхий дээрх таван дүрвэгч тутмын дөрөв нь хөгжиж байгаа улс оронд орогнож буй юм байна.

Мөн цагаач дүрвэгчдийн дотор Сири төдийгүй Афганистан, Сомали, Конго, Мьянмар, Эритрей зэрэг улсын иргэд зонхилж байгаа талаар Пан Ги Мун мэдэгдсэн байна. Сирийн хямралын тухайд Пан Ги Мун хот, тосгодын иргэдийг бүслэлтэд оруулан, өлсгөлөнд нэрвэгдүүлж байгаа явдлыг эрс зэмлэн буруушаасан байна. Сирийн Засгийн газрыг дэмжигч цэрэг хүчнийхний бүслэлтэд байсан Мадая хотоос гадна тус улсын өөр хэд хэдэн бүс нутагт нийт 400 мянга гаруй хүн өлсгөлөнд нэрвэгдээд байгаа гэх мэдээллийг тэрээр өглөө.

Үүнээс гадна Пан Ги Мун Йемен улсад дайтагч талууд задардаг тэсрэх бөмбөг ашиглаж байгаа нь дайны гэмт хэрэгт тооцогдож болохыг анхааруулсан байна. Харин алан хядагчдын халдлага дайралт өсөн нэмэгдэж байгаа тухайд, тэдний эсрэг тэмцэхэд ашиглаж байгаа үр дүн муутай зарим аргаас үүдэн алан хядагч бүлэглэлд элсэгчдийн тоо өсөн нэмэгдэх аюултай гэдгийг Пан Ги Мун анхаарууллаа.

Үүний зэрэгцээ тэрээр 2016 онд дэлхий нийтэд нүүрлээд байгаа хүмүүнлэгийн хямралыг шийдвэрлэхийн тулд ямар ажил төлөвлөж байгаагаа танилцуулсан байна. Энэ хүрээнд Сирид хандивлагч орнуудын бага хурал ирэх хоёрдугаар сард Их Британийн нийслэл Лондонд, мөн НҮБ-ын хүмүүнлэгийн дээд хэмжээний уулзалт тавдугаар сард Туркийн Истанбул хотод зохион байгуулагдах юм байна. 2015-2030 онд хэрэгжүүлэхээр төлөвлөсөн тогтвортой хөгжлийн 17 зорилт, мөн Парисын бага хурлаас батлагдсан Уур амьсгалын өөрчлөлтийн асуудлаарх шинэ суурь конвенцийн хэрэгжилтийг хангах нь 2016 онд НҮБ-ын гол зорилт байх болно гэдгийг Пан Ги Мун онцлон тэмдэглэсэн байна.

Нийтэлсэн: Э.Энхрэл

Пан Ги Мун: Таван дүрвэгч тутмын дөрөв нь хөгжиж байгаа оронд орогнож байна   
Үзсэн: 1008 Mongolian National Broadcaster  

Сэтгэгдэл бичих:

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.
1000 Сэтгэгдэлээ бичнэ үү

Бидэнтэй нэгдээрэй