Шууд Chart

ОХУ, Сири агаарын цэргийн хамтарсан ажиллагаа эхлүүлэв

2016-01-16 11:54:13

ОХУ-ын байлдааны нисэх онгоцнууд Сирид "Исламын улс" бүлэглэлийн эсрэг агаараас цохилт өгч байгаа. Пүрэв гарагт тус улсын Батлан хамгаалах яамны мэдээлснээр эдгээр нисэх онгоц Сирийн агаарын цэргийн хүчний нисэх онгоцуудтай хамтарсан нислэг үйлдэж эхэлжээ. Тус яамны мэдээгээр Оросын Су-25 загварын хоёр нисэх онгоц агаарын цэргийн ажиллагаанд оролцох үеэр эдгээр онгоцыг хамгаалах зорилгоор Сирийн МиГ-29 байлдааны нисэх онгоцууд дагалдан ниссэн байна.

Оросын батлан хамгаалах яам тус мэдэгдлээ баталгаажуулан Оросын Сири дэх Хмеймим агаарын цэргийн баазаас ниссэн Су-25 нисэх онгоцуудыг Сирийн байлдааны онгоцууд угтан авч, дагалдан нисэж байгаа бичлэгийг цацлаа. Ийнхүү агаарын цэргийн хамтарсан ажиллагаа эхлүүлэхийн өмнө Сирийн нисгэгчид Хмеймим баазад очиж, тус ажиллагааны талаар дэлгэрэнгүй төлөвлөгөөтэй танилцсан байна. Та бүхэнд эргэн сануулахад, ОХУ 2015 оны есдүгээр сарын 30-наас эхлэн Сири дэх "Исламын улс" бүлэглэлийн эсрэг агаарын цэргийн ажиллагаанд оролцож эхэлсэн.

Сирийн ерөнхийлөгч Башар Асадын хүсэлтээр эхлүүлсэн тус агаарын цэргийн ажиллагаагаар Оросын онгоцууд зөвхөн "Исламын улс" бүлэглэлийн байршлуудыг бөмбөгдөж байгаа гэх тайлбарыг ОХУ-ын холбогдох албаныхан өгсөөр байна. Гэхдээ тус улсыг "Исламын улс" бүлэглэлээс гадна Сирийн засгийн газрыг эсэргүүцэгч сөрөг хүчний босогчдын байршилд мөн агаараас цохилт өгч байна гэж АНУ болон өрнөдийн зарим орон буруутгасан байр суурьтай хэвээр байгаа юм.

Турк улс өнгөрсөн арваннэгдүгээр сард агаарын цэргийн ажиллагаанд оролцож байсан Оросын Су-24 байлдааны онгоцыг хилд нь нэвтэрсэн гэх шалтгаанаар сөнөөсөн. Үүнтэй холбогдуулан ОХУ Сирид агаарын цэргийн ажиллагаанд оролцож байгаа баг бүрэлдэхүүнийхээ аюулгүй байдлыг хангахын тулд агаарын цохилт хийж байгаа онгоцоо байлдааны онгоцоор хамгаалуулан нисгэж байгаа юм.

Нийтэлсэн: Э.Энхрэл

ОХУ, Сири агаарын цэргийн хамтарсан ажиллагаа эхлүүлэв  
Үзсэн: 2571 Mongolian National Broadcaster  

Сэтгэгдэл бичих:

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.
1000 Сэтгэгдэлээ бичнэ үү
103.229.121.xxx [103.229.121.xxx] 2016-01-17 19:20
ooriinxoo xemjeend setgex yum oros tom uls shvv dee
184.164.133.xxx [184.164.133.xxx] 2016-01-17 12:57
Оросууд хайран мөнгө хэдэн тэр бумаар нь ингэж салхинд хийсгэчихээд одоо болохоор ард түмэнээ бүсээ чангал ч гэх шиг дэмий л юм хийгээд байна даа.
202.9.40.xxx [202.9.40.xxx] 2016-01-16 23:51
Бэлэгдлийн шинжтэй юмаа даа.
202.9.41.xxx [202.9.41.xxx] 2016-01-16 13:25
Зөв,ялалтанд хүргэ.

Бидэнтэй нэгдээрэй