Шууд Chart

Ирэх 9-р сард "Их-20"-ийн бүлгийн дээд хэмжээний уулзалт болно

2016-01-16 18:02:59

Энэ онд зохион байгуулагдах “Их-20”-ийн бүлгийн дээд хэмжээний уулзалт дэлхийн эдийн засгийн өсөлтийг хангах, олон улсын хамтын ажиллагааг сайжруулах хөтөч болно гэж найдаж байгаагаа Хятадын эрх баригчид илэрхийллээ. Ирэх есдүгээр сарын 4-нд эхлэхээр товлогдсон тус дээд хэмжээний уулзалтыг Хятад улс Ханжоу хотдоо зохион байгуулах юм.

Өнгөрсөн 12 дугаар сарын 1-ний өдөр Хятад улс “Их-20”-ийн бүлгийг даргалах эрхийг шилжүүлж авсан. Энэ оны дээд хэмжээний уулзалтаар “Их-20”-ийн бүлгийг хямрал зохицуулах механизм гэхээсээ илүү олон улс дахь удаан хугацааны эдийн засгийн салбарын бодлого тодорхойлогч болгон хувирган өөрчлөхийг зорьж байгаа тухайгаа Хятадын эрх баригчид мэдэгдлээ. Пүрэв гарагт “Их-20”-ийн бүлэгт багтдаг орнуудын төлөөлөгчид дээд хэмжээний уулзалтынхаа өмнөх Хятадаар даргалуулсан анхны бэлтгэл уулзалтаа зохион байгуулсан юм.

“Их-20”-ийн бүлгийн дээд хэмжээний уулзалтаар дэлхийн эдийн засаг, санхүүгийн хамтын ажиллагааны асуудлыг голлон хэлэлцдэг. Тус бүлэгт багтдаг дэлхийн өндөр хөгжилтэй болон шинээр аж үйлдвэржсэн орнууд нь дэлхийн Дотоодын нийт бүтээгдэхүүний 85 орчим хувь, мөн олон улсын худалдааны 85 хувийг бүрдүүлдгээс гадна, дэлхийн нийт хүн амын гуравны хоёр нь эдгээр улс оронд амьдардаг юм.

2008 онд АНУ-ын нийслэл Вашингтон хотноо “Их-20”-ийн бүлгийн анхны дээд хэмжээний уулзалт зохион байгуулагдаж, улмаар энэ уулзалт тухайн үед дэлхий дахинд нүүрлээд байсан санхүүгийн хямралыг даван туулахад чухал үүрэг гүйцэтгэсэн байна. Ирэх есдүгээр сард Ханжоу хотод болох “Их-20”-ийн бүлгийн дээд хэмжээний уулзалт “шинэлэг, эрч хүчтэй, харилцан уялдаатай, бүгдэд хүртээмжтэй дэлхийн эдийн засгийн тогтолцоог байгуулах” сэдвийн дор зохион байгуулагдах юм.

Нийтэлсэн: Э.Энхрэл

Ирэх 9-р сард "Их-20"-ийн бүлгийн дээд хэмжээний уулзалт болно  
Үзсэн: 639 Mongolian National Broadcaster  

Сэтгэгдэл бичих:

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.
1000 Сэтгэгдэлээ бичнэ үү

Бидэнтэй нэгдээрэй