
Украины зүүн өмнөд бүс нутгийн нөхцөл байдлыг зохицуулах асуудлаар Украин, ОХУ болон Донецк, Луганскийн өөрийгөө зарлан тунхагласан Бүгд Найрамдах Улсуудын төлөөлөгчдийг нэгтгэсэн Минскийн холбоо барих ажлын хэсгийг байгуулсан. Тус ажлын хэсгийн гишүүд энэ сарын 20-ноос өмнө Донбассын хямралдагч хоёр талын хооронд 50 олзлогдогч солилцуулахаар тохиролцжээ.
“Хоёр талаас 50 гаруй хүнийг чөлөөлөх боломжтой гэдгээ илэрхийлсэн. Гэхдээ заавал яг 25, 25 хүн байхгүй, Донецк, Луганск мужуудаас цөөн, харин Украины талаас илүү олон олзлогдогч суллагдах байх гэж найдаж байна” гэж Холбоо барих хэсэг дэх Европын Аюулгүй Байдал Хамтын Ажиллагааны Байгууллагын даргын тусгай төлөөлөгч Мартин Сайдик Минскт болсон хуралдааны дараа мэдээлсэн байна. Үүний зэрэгцээ тэрээр хямралдагч тал тус бүрт хэдий тооны хүн олзонд байгаа нэгдсэн дүнг хэлээгүй байна. Сайдик мөн энэ үеэр шинэ жилийн баярын үеэр гал зогсоох уриалга хэрэгжээгүйд харамсч байгаагаа илэрхийлжээ.
Гэхдээ хэлэлцэгч талууд өчигдрийн уулзалтынхаа явцад нэгдүгээр сарын 14-ний шөнө дундаас гал зогсоох санаачилгыг дэмжсэн байна. Украин, Оросын хоорондох харилцаа сүүлийн үед улам муудсан нь Холбоо барих хэсгийн ажилд ч бас сөргөөр нөлөөлж байгааг Европын Аюулгүй Байдал Хамтын Ажиллагааны Байгууллагын даргын бие төлөөлөгч мөн цохон дурджээ.
Украин, Орос болон Донецк, Луганскийн өөрийгөө зарлан тунхагласан БНУ-уудын төлөөлөгчид эгнээнд нь багтсан Минскийн холбоо барих ажлын хэсэг Донбассын хямралыг зохицуулах арга зам олохыг хичээж байгаа. Украины талаар холбоо барих гурван талт хэсгийн хуралдаанд, Оросын бүрэн эрхт төлөөлөгчөөр өнгөрсөн оны 12 дугаар сард томилогдсон Борис Грызлов анх удаагаа оролцож байгаа юм.
Украины хямралдагч талууд олзны хүмүүс солилцоно | ||
Үзсэн: 524 | Mongolian National Broadcaster |
Сэтгэгдэл бичих:
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.