Шууд Chart

АНУ Ираны эсрэг шинэ хориг арга хэмжээ тогтоов

2016-01-18 11:19:10

Иран улс баллистик пуужингийн туршилт хийсэнтэй холбогдуулан тус улсын хувь хүн, аж ахуйн нэгжүүдийн эсрэг АНУ шинээр хориг арга хэмжээ тогтоожээ. Тодруулбал, "Ираны туршсан баллистик пуужин нь цөмийн цэнэгт хошуу тээх хүчин чадалтай. Энэ нь НҮБ-ын Аюулгүйн зөвлөлийн энэ тухай гаргасан тогтоолыг зөрчиж байна" хэмээн АНУ-ын үзэж байгаа юм.

АНУ-ын албаны хүний мэдээлснээр Иран, АНУ-ын хооронд өнгөрсөн хоёр долоо хоногийн турш ялтан шилжүүлэх асуудлаар яриа хэлэлцээ өрнөсөн байна. Энэ яриа хэлэлцээг амжилттай болгох үүднээс пуужингийн туршилттай холбоотой хориг арга хэмжээ тогтоох асуудлыг Обамагийн засаг захиргаа хойшлуулж байжээ.

Улмаар удаан үргэлжилсэн яриа хэлэлцээ амжилттай болж, Иранд хоригдож байсан Америкийн таван иргэн, тэдний дотор "Вашингтон Пост" сонины сурвалжлагчийг АНУ-д шилжүүлэхээр болсон. Өчигдөр суллагдсан Америкийн дөрвөн иргэнийг Герман дахь АНУ-ын цэргийн баазад аваачин, эрүүл мэндийн үзлэгт хамруулж байгаа юм байна. Харин тав дахь ялтанг тусад нь сулласан гэж тус улсын холбогдох албаныхан мэдээлжээ.

АНУ үүний хариуд хориг арга хэмжээг нь зөрчсөн шалтгаанаар тус улсад хоригдож байсан Ираны долоон иргэнд өршөөл үзүүлжээ. Харин америкийн дөрвөн иргэнийг суулгасан нисэх онгоц Иранаас хөөрсний дараа АНУ шинэ хориг арга хэмжээнийхээ талаар албан ёсоор зарласан байна. Энэхүү шинэ хориг арга хэмжээ нь Ираны баллистик пуужингийн хөтөлбөртэй холбоотой хувь хүмүүс болон 11 аж ахуйн нэгжийн эсрэг чиглэж байгаа юм.

Гэхдээ АНУ болон Европын холбоо Ираны эсрэг гол хориг арга хэмжээнүүдээ цуцлаад байгаа. Энэ нь Ираны түүхэнд шинэ хуудас нээсэн чухал ач холбогдолтой үйл явдал болохыг Ираны ерөнхийлөгч Хассан Роухани онцолж байна. Хориг арга хэмжээг зөөллөснөөр Ираны хилийн чанад дахь олон тэрбум америк долларын хөрөнгө эргэлтэд орох боломж нээгдэж, мөн олон улсын компаниуд Ираны зах зээлд нэвтрэх, хөрөнгө оруулалт боломжтой болж байна.

Нийтэлсэн: Э.Энхрэл

АНУ Ираны эсрэг шинэ хориг арга хэмжээ тогтоов  
Үзсэн: 1221 Mongolian National Broadcaster  

Сэтгэгдэл бичих:

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.
1000 Сэтгэгдэлээ бичнэ үү

Бидэнтэй нэгдээрэй