Шууд Chart

Японд их хэмжээний цас орсноос зарим нислэгүүд цуцлагджээ

2016-01-18 14:12:59

Энэ өдрүүдэд Япон улсын зүүн болон зүүн умард нутгаар их хэмжээний цас орж байна. Токио хотод цасны зузаан өнөө өглөөний байдлаар 6 см хүрсэн талаар холбогдох албаныхан мэдээллээ. Үүнээс үүдэн “Токаидо Шинкансен” хурдан галт тэрэг түр хугацаагаар зогсоход хүрээд байна. Мөн Токио хотоос Нагано муж руу чиглэсэн галт тэрэгний замыг түр хааж, дотоодын 100 гаруй нислэгийг цуцалжээ.

Гэнэт их хэмжээгээр орсон цаснаас үүдэн халтиргаа гулгаа эрс нэмэгдэж, осол гарах магадлал ихэссэн болохыг холбогдох албаныхан ард иргэдэд анхааруулж байгаа аж. Өнөөдөр Токиогийн хурдны зам дээр суудлын автомашин осолдож, автомашиныг жолоодож явсан 60-аад настай эрэгтэй хөнгөн гэмтэл авсан талаар Эн-Эйч-Кэй агентлаг мэдээллээ.

Агаарын хүйтэн урсгалын шилжилтээс үүдэлтэйгээр Японы ихэнх бүс нутагт хур тунадас маргааш хүртэл үргэлжлэн орох төлөвтэй байна. Тус улсын цаг уур судлалын агентлагийн мэдээлснээр орон нутгийн цагаар маргааш өглөөний 6 цаг хүртэл Японы Тохокуги бүс нутгаар 80 см хүртэл, харин Хоккайдо, Хокурику, Токаи зэрэг бүс нутгаар 60 см хүртэл зузаан хур тунадас унах төлөвтэй байгаа юм.

Нийтэлсэн: Э.Энхрэл

Японд их хэмжээний цас орсноос зарим нислэгүүд цуцлагджээ  
Үзсэн: 693 Mongolian National Broadcaster  

Сэтгэгдэл бичих:

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.
1000 Сэтгэгдэлээ бичнэ үү

Бидэнтэй нэгдээрэй