Шууд Chart

Йеменд амиа золиослогч дахин халдлага үйлджээ

2016-01-18 14:37:31

Өчигдөр Йемен улсын Аден боомтод амиа золиослогч тэсрэх бөмбөг дэлбэлжээ. Тус хотын аюулаас хамгаалах газрын дарга Шалал Али Шейхийн гэрийн гадаа энэхүү дэлбэрэлт болж, дөрвөн хүн амь үрэгдсэн гэж Ройтерс агентлаг мэдээллээ. Амь үрэгдэгсэд Шалал Али-Шейхийн бие хамгаалагчаар ажиллаж байсан хэмээн тус агентлаг уламжиллаа. Харин бусад мэдээллийн агентлагууд 10 хүн амь үрэгдсэн, тэдгээрийн хоёр нь бие хамгаалагч, үлдсэн нь энгийн иргэд байсан гэх зөрүүтэй мэдээллийг өгч байна.

Гэрчүүдийн яриагаар амиа золиослогч этгээд тэсрэх бөмбөгтэй бүс зүүж явжээ. Халдлагаас үүдэн өөр хэд хэдэн хүн гэмтэж шархадсан байна. хоёр долоо хоногийн өмнө Шалал али Шейхийн сууж явсан автомашины цуваанд мөн халдлага гарсан ч, тэрээр золоор эсэн мэнд үлдсэн юм. 2014 оны есдүгээр сард исламын шашны шийт урсгалыг дагагч хуситын босогчид Йеменийн нийслэл Сана хот руу дайран орсноос хойш, тус улсын засгийн газар Аденд түр байрлаж байгаа.

Үүнтэй холбогдуулан өнгөрсөн саруудад Аден хотод аюулгүйн хүчнийхний эсрэг халдлага дайралт ийнхүү олширсон байна. Өмнө нь Исламын улс алан хядагч бүлэглэл, Аль Каида бүлэглэлийнхэн тус бүс нутагт террорист халдлага үйлдэж байсан. Гэхдээ энэ удаагийн халдлагын хариуцлагыг эдгээр бүлэглэлийн аль нь ч өөртөө хүлээгээгүй байна. Үүнтэй зэрэгцэн өчигдөр Йемений хойд хэсэгт орших Саада хотод Саудын Араб тэргүүтэй эвслийнхний өгсөн агаарын цохилтод 30 гаруй хүн өртөж, амь үрэгдсэн байна. Гэхдээ амь үрэгдсэн хүмүүс энгийн иргэд байсан эсэх нь одоогоор тодорхойгүй байгаа юм. Өнгөрсөн оны гуравдугаар сард Саудын Араб тэргүүтэй эвсэл Йеменд агаарын цэргийн ажиллагаа эхлүүлснээс хойш 5,800 гаруй хүн амь үрэгдсэний тэн хагас нь энгийн иргэд байсан гэх мэдээллийг НҮБ өгч байна.

Нийтэлсэн: Э.Энхрэл

Йеменд амиа золиослогч дахин халдлага үйлджээ  
Үзсэн: 915 Mongolian National Broadcaster  

Сэтгэгдэл бичих:

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.
1000 Сэтгэгдэлээ бичнэ үү

Бидэнтэй нэгдээрэй