Шууд Chart

Ираны зах зээлд хөрөнгө оруулахыг уриалав

2016-01-18 15:13:18

Иран олон улсын 5+1 бүлэгтэй байгуулсан цөмийн хөтөлбөрийн асуудлаарх гэрээ хэрэгжиж эхэлсэнтэй холбогдуулан өчигдөр тус улсын эрх баригчид олон улсын бизнес эрхлэгч, хөрөнгө оруулагчдыг Ираны зах зээлд хөрөнгө оруулахыг уриалсан байна. Бямба гарагт АНУ болон Европын холбоо Ираны эсрэг эдийн засаг, санхүү, эрчим хүчний салбарт тогтоосон хориг арга хэмжээгээ цуцласан юм. Үүний дараа Ираны Ерөнхийлөгч Хассан Рухани хэвлэлийн бага хурал зарлаж, улсад нь хөрөнгө оруулалт, шинэ техник технологи хэрэгцээтэй байгааг онцлон тэмдэглэжээ.

Мөн тэрээр хориг арга хэмжээнүүд цуцлагдсанаар Иран улс гадны хөрөнгө оруулалт татахад тааламжтай орчин бүрдлээ гэж үзэж байгаа. Ийнхүү улсдаа гадаадын хөрөнгө оруулалт татсанаар Ираны эрх баригчид энэ онд дотоодын нийт бүтээгдэхүүнийхээ өсөлтийг одоогийн гурван хувиас нэмж, таван хувьд хүргэнэ гэж найдаж байна. Өнгөрсөн долоодугаар сард Иран цөмийн хөтөлбөрөө зогсоох асуудлаар дэлхийн томоохон зургаан гүрэнтэй гэрээ байгуулсны дараа өрнөдийн бизнес эрхлэгчдийн төлөөлөл тус улсад айлчилж, хориг арга хэмжээ цуцлагдсаны дараа хэрхэн хамтран ажиллах талаар яриа хэлэлцээ хийж эхэлсэн юм.

Тус гэрээ хэрэгжиж эхэлснээр Ираны эдийн засагт төдийгүй хөрш болон бүс нутгийн орнуудтайгаа өрнүүлж байгаа харилцаанд нь ахиц дэвшил авчирна гэж найдаж байгаагаа Рухани илэрхийлжээ. Шинжээчдийн тооцоогоор Ираны эрчим хүчний салбар дахь хоригийг цуцласнаар тус улс газрын тосны экспортоос олох орлого 10 тэрбум америк доллараар нэмэгдэх юм. Мөн олон улсын банкуудад царцаасан байсан 50 тэрбум америк долларын гадаад валютын нөөц эргэлтэд орох боломж нээгдлээ. Үүнээс гадна гадаад худалдаанаасаа 15 тэрбум америк долларын зардал хэмнэнэ гэж тооцоолж байна.

Нийтэлсэн: Э.Энхрэл

Ираны зах зээлд хөрөнгө оруулахыг уриалав  
Үзсэн: 766 Mongolian National Broadcaster  

Сэтгэгдэл бичих:

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.
1000 Сэтгэгдэлээ бичнэ үү

Бидэнтэй нэгдээрэй