Шууд Chart

Иран улс газрын тос олборлолтоо нэмэгдүүлнэ

2016-01-19 12:52:03

Иран улсын эрх баригчид газрын тосны нийлүүлэлтээ эрс нэмэгдүүлэх тушаалыг холбогдох албаныханд өгсөн байна. Ингэснээр тус улсын нэг өдөрт олборлох газрын тосны хэмжээ 500 мянган баррелиар нэмэгдэх төлөвтэй байна. 2011 онд Ираны цөмийн хөтөлбөртэй холбогдуулан олон улсын тогтоосон хориг арга хэмжээний улмаас тус улсын нэг өдөрт олборлох газрын тосны хэмжээ хоёр сая баррелиар буурсан юм. Харин өнгөрсөн долоодугаар сард Иран олон улсын 5+1 бүлэгтэй байгуулсан гэрээний хүрээнд олон улс Ираны цөмийн хөтөлбөртэй холбогдуулан тогтоосон хориг арга хэмжээгээ цуцлаж эхэлсэн учраас Иран улс газрын тос олборлох хэмжээгээ сэргээхээр төлөвлөж буй юм байна. Энэ шийдвэртэй зэрэгцэн өчигдөр олон улсын зах зээл дээр брент маркийн түүхий газрын тосны ханш 1 баррель нь 28 доллараас бууж, хэсэг хугацаанд 27 доллар 67 центэд хүрсэн байна. Одоогоос 13 жилийн өмнө буюу 2003 онд л газрын тосны ханш ийнхүү 28 доллараас доошилж байжээ. Цаашид Иран улс газрын тосны экспортоо нэмэгдүүлж эхэлбэл тус бүтээгдэхүүний ханш улам унана гэдгийг шинжээчид анхааруулж байна. Гэхдээ энэ таамгийг няцаан, ханшийн уналтаас үүдэлтэйгээр ирэх 6 сарын хугацаанд ОПЕК-ийн гишүүн бус орнууд нийлүүлэлтээ бууруулахаас аргагүйд хүрнэ гэж Газрын тос экспортлогч орнуудын байгууллага “ОПЕК” нэгдүгээр сарын тайландаа тооцоолсон байна. Ингэснээр энэ онд газрын тосны зах зээл эргэн тогтворжиж эхэлнэ гэж “ОПЕК” үзэж байгаа юм.

Нийтэлсэн: Э.Энхрэл

Иран улс газрын тос олборлолтоо нэмэгдүүлнэ  
Үзсэн: 571 Mongolian National Broadcaster  

Сэтгэгдэл бичих:

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.
1000 Сэтгэгдэлээ бичнэ үү

Бидэнтэй нэгдээрэй