
ОХУ-ын Ерөнхийлөгч Владимир Путины урилгаар Катарын Эмир Тамима Бен Хамада аль-Тани Москвад айлчилсан байна. Тэрээр өчигдөр Кремльд хүрэлцэн очиж, Ерөнхийлөгч Владимир Путинтэй уулзжээ. Хоёр улсын төрийн тэргүүн нар эрчим хүчний салбар дахь хамтын ажиллагаа болон Ойрхи Дорнод, Хойд Африкийн бүс нутгийн аюулгүй, тогтвортой байдал, мөн хоёр талын эдийн засгийн хамтын ажиллагааг өргөжүүлэн хөгжүүлэх талаар санал солилцсон гэж Оросын ТАСС мэдээллийн агентлагаас уламжилж байна. Тус уулзалтыг зохион байгуулах саналыг Оросын тал тавьжээ. 2015 оны сүүлчээр хоёр улсын Гадаад хэргийн сайд нар уулзсан нь энэ удаагийн өндөр дээд хэмжээний уулзалтыг зохион байгуулах үндэс болсон юм байна. Өчигдөр болсон тус уулзалтаар хэлэлцэх асуудлын төвд эрчим хүчний салбар, ялангуяа байгалийн хийн нийлүүлэлтийн асуудал багтаж байлаа. Орос, Катар хоёр орон байгалийн хийн экспортынхоо хэмжээгээр дэлхийд, тэр дундаа Европын зах зээл дэх тэргүүлэх тоглогчдын тоонд ордог. Тиймээс хоёр тал байгалийн хийн нийлүүлэлтээ уялдаатай стратеги төлөвлөлтийн дагуу гүйцэтгэх, мөн нийлүүлэлтийг хэт нэмэгдүүлэх бодлогын улмаас тус бүтээгдэхүүний ханшид хэт уналт үүсэхээс сэргийлэх талаар ярилцсан болов уу гэж шинжээчид үзэж байна. Үүнээс гадна талууд Сирийн асуудлаар хэлэлцэж, байр суурийн зөрөөгөө багасгажээ. Уулзалт амжилттай болсныг талууд онцлоод Катар, Орос хоёр орон дэлхийн эрчим хүчний зах зээлийн тогтвортой байдалд анхаарч, терроризмтэй тэмцэхэд хамтран ажиллахын зэрэгцээ Сирийн асуудлыг улс төрийн арга замаар шийдэхийг эрмэлзэнэ гэдгээ илэрхийлсэн байна.
ОХУ-ын Ерөнхийлөгч Владимир Путин Катарын Эмиртэй Москвад уулзлаа | ||
Үзсэн: 648 | Mongolian National Broadcaster |
Сэтгэгдэл бичих:
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.