
Өчигдөр БНХАУ-ын дарга Си Зиньпин Саудын Араб улсад хүрэлцэн очсоноор Ойрхи Дорнодын орнууд дахь төрийн айлчлалаа эхлүүллээ. Саудын Араб улсад Хятадын төрийн тэргүүн сүүлийн долоон жилд анх удаа айлчилж байгаа нь энэ юм. Саудын Араб улсад хүрэлцэн очсоныхоо дараа Си Зиньпин тус улсын хаан Сальман ибн Абдул-Азиз Аль Саудтай уулзлаа.
Энэ уулзалтын үеэр хоёр орны удирдагчид стратегийн иж бүрэн түншлэлийн харилцаа хөгжүүлэхээр шийдвэрлэсэн байна. Үүнээс гадна талууд аж үйлдвэрлэлийн салбарт хамтын ажиллагаагаа өргөжүүлэх асуудлаар харилцан ойлголцлын санамж бичигт гарын үсэг зуржээ. Хятадын санаачилсан “Торгоны зам” эдийн засгийн бүс байгуулах санаачилгыг хамтран хэрэгжүүлэх тухай тус санамж бичигт тусгасан байна. Мөн хоёр орон хөгжлийн бодлого төлөвлөгөөгөө уялдуулах, эрчим хүчний салбарт удаан хугацаанд тогтвортой хамтран ажиллах, иргэншил хоорондын яриа хэлэлцээг дэмжихэд хүчин зүтгэл гаргахаар тохиролцсон байна.
Хятадын санаачилгаар байгуулагдсан Азийн дэд бүтцийн хөрөнгө оруулалтын банкны асуудлаар мөн Саудын Араб, Хятадын төрийн тэргүүн нар санал солилцлоо. Тэд тус банкийг бүс нутгийн холбоо харилцаа, нэгдмэл байдлыг сайжруулах, бүх талд харилцан ашигтай бүтэц болгохын төлөө ажиллана гэдгээ мэдэгджээ. Үүнээс гадна хоёр орон эрчим хүч, харилцаа холбоо, байгаль орчин, соёл, сансар судлал, шинжлэх ухаан технологийн салбар дахь хамтын ажиллагааны тухай хэд хэдэн гэрээ хэлэлцээр байгуулсан байна.
Саудын Араб Хятадын түүхий газрын тосны хэрэгцээний хамгийн их хувийг дангаар хангадгаас гадна Баруун Ази, Африкийн бүс нутаг дахь хамгийн том худалдааны түнш нь гэдгээрээ онцлог юм. Хоёр орны худалдааны эргэлт 2014 онд дипломат харилцаа байгуулсан 1990 оны үеэс даруй 230 дахин өсч, 69.1 тэрбум америк долларт хүрсэн байна.
Си Зиньпин Саудын Араб улсад айлчиллаа | ||
Үзсэн: 676 | Mongolian National Broadcaster |
Сэтгэгдэл бичих:
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.