Шууд Chart

Ливид эв нэгдлийн Засгийн газар байгуулна

2016-01-20 16:36:48

НҮБ-ын санаачилсан төлөвлөгөөний дагуу Ливи улсад байгуулахаар болсон эв нэгдлийн Засгийн газрын бүрэлдэхүүнийг өчигдөр албан ёсоор зарлалаа. 2011 онд болсон төрийн эргэлтээр Муаммар Каддафигийн тэргүүлсэн Засгийн газрыг түлхэн унагаснаас хойш тус улсад улстөрийн хямрал нүүрлэж, шашны хэт даврагч болон алан хядагч бүлэглэлүүдийн халдлага дайралт эрс олширсон юм. 2014 оны зунаас хойш Ливид хоёр Засгийн газар байгуулагдан, үйл ажиллагаагаа явуулсаар өдийг хүрсэн.

Харин НҮБ-ын дэмжлэгтэй төлөвлөгөөний дагуу эв нэгдлийн Засгийн газар байгуулсан нөхцөлд тус улс дахь улстөрийн хямралыг намжаах, мөн Исламын улс бүлэглэлийн хүч нөлөөг сулруулахад чухал үүрэг гүйцэтгэнэ гэж олон улс найдаж байна. Ливийн Триполид төвтэй парламентын гишүүн Фаиз Саражаар ахлуулсан эв нэгдлийн Засгийн газар 32 сайд, 4 шадар сайдаас бүрдэнэ гэдгийг Тунис улсад төвтэй Ливийн зөвлөлөөс мэдээлсэн байна. Ливийн дорнод хэсэг дэх олон улсад хүлээн зөвшөөрөгдсөн парламент ирэх 10 хоногийн дотор сайшаасан нөхцөлд тус улсын шинэ Засгийн газар бүрэн эрхээ хүлээн авах боломж нээгдэнэ. Ливид олон жил үргэлжилж байгаа улстөрийн хямралыг эцэс болгох зорилгоор өнгөрсөн сард НҮБ-ын дэмжлэгтэйгээр Ливийн сөргөлдөгч талуудын хооронд яриа хэлэлцээ зохион байгуулсан.

Тус яриа хэлэлцээнээс батлагдсан гэрээний дагуу сөргөлдөгч талуудын төлөөллөөс бүрдсэн зөвлөлийг Тунист төвтэйгөөр байгуулсан юм. Гэрээнд зааснаар тус зөвлөл 30 хоногийн дотор буюу өнгөрсөн ням гараг гэхэд эв нэгдлийн Засгийн газрын бүрэлдэхүүнийг албан ёсоор зарлах байсан ч зарим нэг асуудлаас үүдэн өчигдөр хүртэл хойшлуулсан байна. Гэхдээ тус зөвлөлөөс зарласан эв нэгдлийн Засгийн газрын бүрэлдэхүүнд багтаж байгаа найман хүн сайдын албан тушаалд томилогдохоос татгалзаад байна. Мөн сөргөлдөгч талуудын эрх ашгийг адил тэгш тусгаагүй, хэтэрхий олон сайдтай Засгийн газар бүрдүүллээ гэж зөвлөлийн зарим гишүүн шүүмжлэлтэй хандаж байна.

Нийтэлсэн: Э.Энхрэл

Ливид эв нэгдлийн Засгийн газар байгуулна  
Үзсэн: 1528 Mongolian National Broadcaster  

Сэтгэгдэл бичих:

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.
1000 Сэтгэгдэлээ бичнэ үү

Бидэнтэй нэгдээрэй