Шууд Chart

"Фалкон-9" тээвэрлэгч пуужингийн газардах оролдлого бүтэлгүйтжээ

2016-01-21 11:00:08

АНУ-ын "Спейс-Икс" компанийн олон дахин ашиглагдах зориулалт бүхий сансрын "Фалкон-9" тээвэрлэгч пуужин Номхон далай дахь буултын цэгт газардахаар оролдсон нь бүтэлгүйтжээ. Гар утас, өндөр хурдны интернет, байршил тогтоогч зэрэг олон тооны орчин үеийн тоног төхөөрөмж хиймэл дагуулын тусламжтайгаар ажиллах болсон өнөө үед улс орнууд болон хувийн пүүс компаниуд "Спейс-Икс" компанийн пуужингаар хиймэл дагуулуудаа хөөргөж, дэлхийн тойрог замд оруулах болсон.

"Спейс-Икс" компани энэ үйлчилгээгээ 60-70 сая америк долларын үнэтэйгээр санал болгож байгаа нь бусад компанийхтай харьцуулахад даруй хоёр дахин хямд байдаг аж. Ийм хямд үнэ санал болгож байгаагийн гол нууц нь тус компани тээвэрлэгч пуужинг удирдлагатай болгон, дэлхийд эргэн бүрэн бүтэн газардах, цаашид олон дахин ашиглах боломжийг нээсэнд оршиж байгаа гэнэ. Өөрөөр хэлбэл, өмнө нь тээвэрлэгч пуужин зөвхөн нэг удаа хэрэглэгдэх зориулалттай, өртөг өндөртэй төхөөрөмж байсан юм.

Гэвч тус компанийн олон ашиглагдах "Фалкон-9" пуужин сая хийсэн нислэгээрээ далай тэнгисүүдийг судлах зориулалт бүхий "Жейсон-3" хиймэл дагуулыг дэлхийн тойрог замд амжилттай оруулсан ч, Номхон далайд орших буултын талбайд эргэн газардах үедээ тэнцвэрээ хадгалж чадаагүйн улмаас унаж, дэлбэрсэн байна. Пуужингийн газардах тулгуур дөрвөн хөлний нэг нь гэмтсэний улмаас ачааллаа даалгүй, хазайж унасан гэж "Спейс-Икс" компанийн захирал Илан Маск тайлбарласан.

Энэ загварын пуужингууд өмнөх гурван удаагийн нислэгээрээ хиймэл дагуулуудыг сансарт амжилттай хүргэсэн ч, тэдний нэг нь л эх дэлхийд эргэн амжилттай газардсан, харин үлдсэн хоёр нь Атлантын далай дахь буултын цэг дээр бас осолдож байсан юм. Иймээс энэ удаагийн ослоос үүдэн олон дахин ашиглагдах пуужингийн үр ашиг, аюулгүй  ажиллагаанд эргэлзэх хандлага гарч эхэлжээ.

Нийтэлсэн: Э.Энхрэл

"Фалкон-9" тээвэрлэгч пуужингийн газардах оролдлого бүтэлгүйтжээ  
Үзсэн: 487 Mongolian National Broadcaster  

Сэтгэгдэл бичих:

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.
1000 Сэтгэгдэлээ бичнэ үү

Бидэнтэй нэгдээрэй