Шууд Chart

Ерөнхийлөгч Давосын чуулга уулзалтад оролцож байна /фото/

2016-01-21 10:59:06

Ерөнхийлөгч Ц.Элбэгдорж Швейцарийн Холбооны Улсын Давос хотноо Дэлхийн эдийн засгийн 46 дугаар чуулга уулзалтад оролцохоор өчигдөр тус улсад очсон. Дэлхийн эдийн засгийн чуулга уулзалт нь 1971 онд байгуулагдсан бөгөөд Швейцарын Женев хотноо байрладаг, улс орнуудын удирдагчид, төр, нийгмийн зүтгэлтнүүд, нэрт эдийн засагчид болон бизнесийн салбарын төлөөлөгчдийн оролцоотойгоор дэлхийн эдийн засгийн нөхцөл байдлыг сайжруулах зорилго бүхий хараат бус, бие даасан төр, хувийн хэвшлийн хамтын ажиллагааны олон улсын байгууллага юм.

Уг байгууллага нь дэлхий нийтийн өмнө тулгамдаж буй эдийн засаг, нийгмийн томоохон асуудлуудыг хэлэлцэх зорилгоор “Давосын” хэмээн алдаршсан Дэлхийн эдийн засгийн чуулга уулзалтыг Швейцарын Давос хотноо жил бүр зохион байгуулдаг.  Мөн бүсчилсэн уулзалтууд зохион байгуулдаг.

Энэ удаагийн чуулга уулзалт нь “Үйлдвэржилтийн 4 дэх дэвшил” ерөнхий сэдвийн хүрээнд болж байгаа бөгөөд 250 гаруй салбар хуралдаан болно.

Энэ сарын 20-ны өдөр Ерөнхийлөгч Ц.Элбэгдоржид Дэлхийн эдийн засгийн чуулга уулзалтыг санаачлагч Клаус Шваб бараалхлаа. Уулзалтын үеэр хоёр талын хамтын ажиллагааны асуудлаар ярилцаж, Зүүн Азийн эдийн засгийн чуулга уулзалтуудыг Улаанбаатар хотноо зохион байгуулах чиглэлээр санал солилцлоо. Мөн ноён Клаус Шваб Монгол Улсын Ерөнхийлөгчийн урилгаар 2017 оны 5 сард манай улсад айлчлах болсноо дуулгалаа. 

Альпийн нуруунд орших Давос хот 282 м.кв талбай, 11 мянга гаруй хүн амтай. Жил жүр дэлхийн эдийн засгийн чуулганы үеэр нийт 30 мянга орчим зочид төлөөлөгчдийг хүлээн авдаг.

Урлаг соёлын төлөөлөгчийн нийгэмд оруулсан хувь нэмрийг үнэлэн олгодог “Crystal Awards” шагналын энэ удаагийн эзнээр нэрт жүжигчин Леонардо Ди Каприо тодорсон. Түүний байгуулсан сан устах аюулд орсон амьтны төрөл зүйлийг хамгаалахад чиглэсэн олон ажил хийснийг нь өндрөөр үнэлж уг нэр хүндтэй шагналыг гардуулжээ.

Дэлхийн эдийн засгийн чуулганы үеэр тус арга хэмжээнд оролцохоор хүрэлцэн ирсэн зочид болон хэвлэл мэдээллийн ажилтнуудад зориулж тусгай тээврийн үйлчилгээ үзүүлж байгаа. Мөн Давосын чуулганыг зохион байгуулахтай холбоотойгоор нийт 5000 орчим хамгаалалтын ажилтныг дайчилж байгаа ажээ.

 


Ерөнхийлөгч Давосын чуулга уулзалтад оролцож байна /фото/  
Үзсэн: 791 Mongolian National Broadcaster  

Сэтгэгдэл бичих:

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.
1000 Сэтгэгдэлээ бичнэ үү

Бидэнтэй нэгдээрэй