
Канад улсын "Викториа Хенд Прожект" компани 3D хэвлэгчээр олон хувь үйлдвэрлэх боломжтой хиймэл гар зохион бүтээжээ. Энэхүү хиймэл гарыг хүний мэдрэлд холбосноор атгах хүчийг нь тохируулах боломжтой гэнэ. Ингэснээр тус гарыг ашиглан хөнгөхөн аяганаас авахуулан хүнд ачаа, цүнх өргөх, гутал үдэх, компьютер дээр шивэх зэрэг төрөл бүрийн үйлдлийг гүйцэтгэж болно гэдгийг зохион бүтээгчид онцолж байна.
Викториагийн их сургуулийн эрдэмтэд энэ хиймэл гарыг олноор үйлдвэрлэн, ядуу буурай улс орнуудын ард иргэдэд худалдаалахаар зорьж байна. Учир нь тус хиймэл гар одоогийн зах зээл дээр худалдаалагдаж байгаа хиймэл гарын дундаж үнээс хэд дахин хямд юм. Одоо хамгийн хямд хиймэл гар 1400 америк долларын өртөгтэй бол хамгийн үнэтэй, дэвшилтэт загвар нь 100 мянга хүртэлх америк доллараар худалдаалагдаж байгаа.
Харин 3D хэвлэгч ашиглан үйлдвэрлэж байгаа шинэ загварын хиймэл гар хүргэлтийн үнэтэйгээ нийлээд ердөө 320 америк доллараар худалдаалагдах боломжтой юм байна. Үүнээс гадна тус хиймэл гар булчингийн агших сунах хөдөлгөөнийг эрчим хүч болгон хувиргаж ажилладаг учраас цахилгаанаар цэнэглэх шаардлагагүй юм. Мөн 3D хэвлэгчид тохирох өгөгдлийг оруулснаар хүн бүрт хиймэл гарыг тусгайлан тааруулах боломжтой аж. Энэ хиймэл гарыг Викториа Хенд Прожект ашгийн бус компанийнхан Балба, Гватемал, Камбож зэрэг хөгжиж байгаа улс орнуудад үйлдвэрлэн тарааж эхлээд байгаа юм.
Гурван хэмжээст хэвлэгчээр хиймэл гар бүтээжээ | ||
Үзсэн: 911 | Mongolian National Broadcaster |
Сэтгэгдэл бичих:
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.