
Австри улсын Засгийн газар энэ онд нутаг дэвсгэртээ илүү цөөн тооны цагаач дүрвэгч хүлээн авна гэдгээ мэдэгдлээ. Тус улсын канцлер Вернер Файманы хэлснээр өнгөрсөн онд Австрид 90 мянган цагаач дүрвэгч орогнох эрх авч байсан юм. Харин энэ оноос эхлэн дөрвөн жилийн хугацаанд тус улсын Засгийн газар дээрх тоог 60 орчим хувиар бууруулж, жил бүр хамгийн ихдээ 37500 цагаач дүрвэгч орогнол олгохоор болжээ.
Австрийн эрх баригчдын гаргасан энэхүү шийдвэрийн хариуд Серби улс Австри, Германд орогнол эрэх хүсэлтэй цагаач дүрвэгчдийг хилээрээ нэвтрүүлэхэд хязгаарлалт тогтооно гэдгээ зарласан байна. Үүнтэй холбогдуулан Европын комиссын Ерөнхийлөгч Жан Клод Юнкер цагаач дүрвэгчдийн асуудлаар дээд хэмжээний уулзалт зохион байгуулахыг Европын холбооны гишүүн орнуудад уриаллаа. Европын холбооны дараагийн дээд хэмжээний уулзалт ирэх сарын 18-19-ний хооронд зохион байгуулагдана. Гэхдээ үүнээс өмнө цагаач дүрвэгчдийн асуудлыг хэлэлцэж, шийдвэрлэх шаардлагатай гэж Жан Клод Юнкер үзэж байна.
Ирэх сарын дээд хэмжээний уулзалтаар Их Британийн Европын холбоон дахь гишүүнчлэлийн асуудлыг зонхилон хэлэлцэх төлөвтэй байгаа юм. Үүнээс гадна Европын холбоо цагаач дүрвэгчдийн хямралыг шийдвэрлэхэд гишүүн улс орнууддаа ижил тэгш хариуцлага хүлээлгэхийн тулд энэ талаарх дүрэм журамдаа өөрчлөлт хийхээр төлөвлөж байна. Ирэх гуравдугаар сар гэхэд Европын холбоо цагаач дүрвэгчдийн асуудлаар үр дүнтэй шинэ бодлого зохицуулалт хэрэгжүүлж чадаагүй нөхцөлд Шенгений бүс нуран унах аюул нүүрлэж магадгүй гэж зарим шинжээч анхааруулж байна.
Австри энэ онд 37 мянга гаруй цагаач дүрвэгчид орогнол олгоно | ||
Үзсэн: 509 | Mongolian National Broadcaster |
Сэтгэгдэл бичих:
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.