
Өчигдөр Хятадын зүүн нутаг дахь Жянши мужид орших салютын үйлдвэрт дэлбэрэлт болжээ. Үүний улмаас гурван хүн амь үрэгдэж, 60 орчим хүн гэмтэж түлэгдсэн гэж орон нутгийн эрх баригчид мэдээлж байна. Үүнээс гадна нэг хүн одоог хүртэл ор сураггүй байгаа юм.
Салютын үйлдвэрт яагаад дэлбэрэлт болсон шалтгааныг тодруулахаар холбогдох албаныхан хүрэлцэн очсон байна. Гэрчүүдийн яриагаар Жянши муж дахь Хоншений салютын үйлдвэрт мягмар гарагаас лхагва гарагт шилжих шөнө 00 цаг 30 минутын орчимд дэлбэрэлт эхэлжээ. Улмаар тус үйлдвэрт байсан салютууд шил дараалан дэлбэрснээр үйлдвэрийн ойролцоо байсан зарим айлын гэрт хохирол учирсан байна. Энэ үйлдвэр байрлаж байсан газраас 5 км-ийн зайд дэлбэрэлтийн чимээ сонсогдсон гэж гэрчүүдийн зарим нь ярьж байгаа юм.
Үйлдвэр дэх салютууд дэлбэрч эхэлсний дараа цагдаа нар аюулгүй байдлын үүднээс тухайн дүүрэгт амьдардаг 1000 гаруй иргэнийг түр нүүлгэн шилжүүлсэн байна. Энэ бүс нутаг дахь салютын үйлдвэрүүд 300 жил салют үйлдвэрлэсэн өргөн их туршлагатай гэдгээрээ өөрсдийгөө сурталчилдаг юм. Сая дэлбэрэлт болсон үйлдвэр үйл ажиллагаа явуулах албан ёсны гэрчилгээтэй байжээ. Цагдаа нар үйлдвэрийн эздийг саатуулан, мэдүүлэг авч байгаа аж.
Жянши мужид энэ сарын 23-наас 26-ны өдрүүдэд сүүлийн 14 жилийн хугацаанд тохиогоогүйгээр эрс хүйтрэх төлөвтэй байгаа юм. Иймээс дэлбэрэлтийн үеэр орон гэрт нь эвдрэл учирсан хүмүүст орон нутгийн аврах багийнхан туслалцаа үзүүлэхээр болсон байна. Өнгөрсөн долоо хоногийн пүрэв гарагт мөн Хятадын төв хэсэгт байрлах салютын үйлдвэрт дэлбэрэлт болж, 10 хүн амь үрэгдсэн юм. Үүнтэй холбоотойгоор иргэд тус улс дахь салютын үйлдвэрүүдийн аюулгүй байдлын хяналт шалгалтыг чангатгах нь зүйтэй хэмээн шаардах болжээ.
Хятад дахь салютын үйлдвэрт дэлбэрэлт болжээ | ||
Үзсэн: 791 | Mongolian National Broadcaster |
Сэтгэгдэл бичих:
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.