
Өнөөдөр Японы засгийн газар НҮБ-ын Аюулгүйн зөвлөлийн холбогдох тогтоолуудын дагуу Ираны эсрэг тогтоогоод байсан хориг арга хэмжээгээ цуцаллаа. Иран улс олон улсын "5+1" бүлэгтэй байгуулсан гэрээгээр хүлээсэн үүргээ биелүүлж, цөмийн хөтөлбөрийнхөө цар хүрээг хумьсан болохыг Олон улсын цөмийн эрчим хүчний агентлаг өнгөрсөн долоо хоногт баталгаажуулсан.
Үүнтэй холбогдуулан АНУ болон Европын холбооны араас өнөөдөр Япон улс Ираны эсрэг тогтоогоод байсан хориг арга хэмжээгээ албан ёсоор цуцаллаа. Тус улс өмнө нь НҮБ-ын Аюулгүйн зөвлөлийн холбогдох тогтоолуудад үндэслэн аж ахуйн нэгж компаниудаа Ираны газрын тос, байгалийн хийн салбарт хөрөнгө оруулахад хориг тогтоосон байжээ. Мөн Японы банкууд Ираны нутаг дэвсгэрт салбараа нээх хориотой байсан юм.
Эдгээр хориг арга хэмжээг Японы эрх баригчид цуцлахаар шийдвэрлэсэн ч Ираны цөмийн хөтөлбөртэй холбоотой хувь хүн, аж ахуйн нэгжүүдийн хөрөнгийг царцаах хориг хүчин төгөлдөр үйлчилсэн хэвээр байх юм байна. Гэхдээ тус хоригт багтаж байгаа хувь хүний тоог 23, аж ахуйн нэгжийг 61 болгон цөөлжээ. Япон улс цаашид Ирантай уламжлалт нөхөрсөг харилцаагаа бэхжүүлэн хөгжүүлэхийн төлөө ажиллана гэдгийг тус улсын гадаад хэргийн сайд Фумио Кишида мэдэгдсэн байна. Энэ хүрээнд Ирантай хөрөнгө оруулалтын гэрээ байгуулах, хөгжлийн албан ёсны тусламж олгох замаар Иранд үйл ажиллагаа явуулах гэж байгаа Японы аж ахуйн нэгжүүдэд дэмжлэг үзүүлэх юм байна.
Япон улс Ираны эсрэг хориг арга хэмжээгээ цуцаллаа | ||
Үзсэн: 1246 | Mongolian National Broadcaster |
Сэтгэгдэл бичих:
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.