Шууд Chart

Ираны Ерөнхийлөгч Хассан Роухани Европын орнуудад айлчилна

2016-01-25 12:28:35

Иран улсын Ерөнхийлөгч Хассан Роухани энэ долоо хоногийн лхагва гарагаас эхлэн Франц, Итали улсад айлчилна. Өнгөрсөн 11 дүгээр сард төлөвлөөд байсан ч Парист болсон террорист халдлагаас үүдэн хойшлуулсан энэ айлчлал Иран олон улсын "5+1" бүлэгтэй байгуулсан гэрээ хэрэгжиж эхэлсний дараах Хассан Роуханигийн анхны гадаад айлчлал гэдгээрээ олон улсын анхаарлыг зүй ёсоор татаж байгаа юм.

Түүний энэ удаагийн айлчлалын бүрэлдэхүүнд Ираны нэр нөлөө бүхий бизнес эрхлэгчид, газрын тос, байгалийн хийн асуудал эрхэлсэн сайд болон Засгийн газрын бусад төлөөлөгч нийлсэн 120 хүн багтаж байна. Хассан Роуханигийн Европт хийж байгаа айлчлал тав хоног үргэлжилнэ. Энэ үеэр Роухани Францын Ерөнхийлөгч Франсуа Олланд, Италийн Ерөнхий сайд Маттео Ренци, Ромын католик шашны хамба лам Франциск нартай уулзах юм. Ираны цөмийн асуудлаарх гэрээний хүрээнд тус улсын эсрэг хориг арга хэмжээ цуцлагдаад байгаа ч энэ удаагийн айлчлалын үеэр Франц, Италийн эрх баригчид Ираны талтай чухал гэрээ хэлэлцээр байгуулахгүй болов уу гэж ажиглагчид дүгнэж байна.

Ираны Ерөнхийлөгч Хассан Роухани улс орон нь олон улсын эдийн засгийн харилцаанд эргэн идэвхтэй оролцож эхлэхэд багагүй хугацаа шаардлагатайг хүлээн зөвшөөрсөн юм. Гэхдээ тус улс олон жилийн хориг арга хэмжээнээс үүдэн хуучирсан иргэний агаарын тээврийн онгоцууд болон дэд бүтэц, техник, хэрэгслээ шинэчлэхдээ өрнөдийн орнуудтай хамтран ажиллах сонирхолтойгоо илэрхийлээд байна. Энэ хүрээнд "Эйрбас" компаниас 114 онгоц худалдаж авахаар төлөвлөж байгаа, мөн цаашид Боинг компаниас ч онгоц худалдан авна гэдгээ өчигдөр зарлалаа.

Хассан Роуханигийн айлчлах эхний орон болох Францын эдийн засаг, улс төрийн салбарын төлөөлөгчид өнгөрсөн есдүгээр сард Тегеранд айлчилсан. Тус улсын 130 орчим аж ахуйн нэгж, компаниуд Иранд хөдөө аж ахуй, барилга бүтээн байгуулалт, аялал жуулчлал зэрэг олон салбарт үйл ажиллагаа эрхлэх сонирхолтой байгаа юм.

Нийтэлсэн: Э.Энхрэл

Ираны Ерөнхийлөгч Хассан Роухани Европын орнуудад айлчилна  
Үзсэн: 615 Mongolian National Broadcaster  

Сэтгэгдэл бичих:

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.
1000 Сэтгэгдэлээ бичнэ үү

Бидэнтэй нэгдээрэй