
МЭӨ 14-р зуунд Египетэд төр барьж байсан Тутанхамон хааны алтан баг түүхийн ховор, үнэт дурсгалд тооцогддог. Харин Египет улсын музейн найман ажилтан саяхан энэхүү түүхэн дурсгалт багийн сахлыг гэмтээн, тун хайхрамжгүй маягаар эргүүлэн наасан байсныг илрүүлжээ.
Энэ хэрэгтэй холбогдуулан тус улсын холбогдох албаныхан мөрдөн шалгах ажиллагаа эхлүүлж, Тутанхамон хааны алтан багийг гэмтээсэн учир шалтгааныг тодруулахаар ажиллаж эхлээд байна. Одоогоор шалгагдаж байгаа найман ажилтан нь түүхэн дурсгалт өвд гэмтэл учруулсан, мэргэжлийн хариуцлага алдсан зэрэг хэрэгт буруутгагдаад байгаа юм. Тутанхамон хааны алтан баг нь 3000 орчим жилийн настай, Каирын урлагийн түүхэнд чухал ач холбогдолтой бүтээлд тооцогддог.
Энэ баг яагаад гэмтсэн талаар Египетийн музей дэх урлагийн бүтээл сэргээн засварлагчид зөрүүтэй мэдүүлгүүд өгсөн байна. Тухайлбал, тэдний зарим нь багийг санамсаргүй унагаснаас болж сахал нь салж унасан гэсэн бол зарим нь он удаан жилийн элэгдэл хуучралаас үүдэн тус багийн сахал өөрөө салж унасан гэх тайлбар өгсөн байна. Гэхдээ үүнээс илүүтэй алтан багийн сахал унасныг нуухын тулд музейн захиргаанд мэдэгдэж, зөвшөөрөл авалгүй эргүүлэн наасан, ингэхдээ их хэмжээний цавуу ашиглаж, алтан багийн өнгө үзэмжийг алдагдуулсан зэрэг нь сэргээн засварлагчдын гол буруу гэж прокурорууд үзэж байгаа юм.
Сэргээн засварлагчид Тутанхамон хааны алтан багийн сахлыг наах гэж дөрвөн удаа оролдсоны эцэст амжилтад хүрсэн боловч энэ хичээл зүтгэлдээ ашигласан их цавуу нь алтан багийг ойроос үзэж сонирхсон хэн бүхэнд ил харагдахуйц болжээ. Гэхдээ Германы мэргэжилтнүүд дээрх сэргээн засварлагчдын алдааг залруулж, алтан баг дээрх илүүдэл цавууг ор мөргүй арилгасан байна. Үүний дараа өнгөрсөн 12 дугаар сараас эхлэн Тутанхамон хааны багийг эргүүлэн музейд байрлуулж, олны хүртээл болгоод байгаа юм.
Египетийн Тутанхамон хааны алтан багийг гэмтээсэн нь илэрчээ | ||
Үзсэн: 2045 | Mongolian National Broadcaster |
Сэтгэгдэл бичих:
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.