
Өчигдөр АНУ-ын Төрийн нарийн бичгийн дарга Жон Керри Ази тивийн улс орнуудаар хийх айлчлалаа эхлүүллээ. Тэрээр айлчлалынхаа эхэнд Зүүн өмнөд Азийн бүс нутгийн хамтын ажиллагааны нийгэмлэг АСЕАН-ыг энэ онд даргалж байгаа Лаос улсад хүрэлцэн очсон байна. Лаос нь Хятад гэх том хөрштэйгөө эдийн засаг, улс төрийн ойр харилцаатай байдаг улс. Мөн тус улс далайд гарцгүй учраас АСЕАН-ы зарим гишүүн оронтой харьцуулахад Өмнөд Хятадын тэнгисийн газар нутгийн маргаан үндэсний ашиг сонирхолд нь төдийлөн хамааралгүй асуудал юм.
Иймээс Лаос энэ онд АСЕАН-ы уулзалтыг зохион байгуулах үеэрээ Өмнөд Хятадын тэнгисийн газар нутгийн маргааныг хэлэлцэх гол асуудлуудын тоонд оруулахгүй байх вий гэж Вашингтон болгоомжилж байна. Иймээс Керри Лаост хийж байгаа айлчлалынхаа үеэр тус асуудлыг онцлон хөндөхөөр зорьж байгаагаас гадна АНУ-аас тус улсад олгож байгаа тусламж дэмжлэгийг нэмэгдүүлэх талаар хэлэлцэх аж. Дараа нь Жон Керри Камбож улсыг зорьж, үүний дараа Бээжинд айлчлах юм.
Бээжин дэх айлчлалынхаа үеэр Жон Керри Умард Солонгосын хийсэн цөмийн туршилттай холбогдуулан тус улсад шахалт үзүүлэх асуудалд Умардын хамгийн ойр харилцаатай улс гэгддэг Хятад идэвхтэй оролцох шаардлагатай гэх байр сууриа илэрхийлэх болов уу гэж шинжээчид үзэж байна. Үүнээс гадна Хятад улс Өмнөд Хятадын тэнгисийн дийлэнх газар нутгийг өөрийн эзэмшлийнх гэж үзэн, тус бүс нутагт хиймэл арал байгуулж байгаа асуудал Хятад, АСЕАН-ы гишүүн орнууд болон АНУ-ын харилцаан дахь хурцадмал сэдэв болсон. Энэ асуудлаар Керри Хятадын эрх баригчидтай санал солилцоно гэж АНУ-ын албаны хүмүүс мэдээллээ.
Жон Керри Ази тивийн улс орнуудад айлчилж байна | ||
Үзсэн: 1074 | Mongolian National Broadcaster |
Сэтгэгдэл бичих:
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.