
Япон улсын баруун, төв болон хойд бүс нутгаар их хэмжээний цас унаж байна. Тус улсын дулаан уур амьсгалтай Ошима аралд сүүлийн 115 жилд анх удаа цас орсноос гадна, Японы баруун болон өмнөд нутгаар урьд өмнө байгаагүйгээр хүйтрээд байна.
Японд ийнхүү их цас орсноос үүдэлтэйгээр зам тээврийн болон бусад ослоор таван хүн амь насаа алдаж, халтиргаа гулгааны улмаас 100 гаруй хүн бэртэж гэмтсэн байна. Тус улсын Цаг уур судлалын хүрээлэнгийн мэдээгээр Хокурику, Тохоку зэрэг бүс нутгаар өнгөрсөн хоногт 80 см хүртэл зузаан хур тунадас унажээ. Мөн өнөө өглөөний таван цагийн байдлаар Японы зүүн хойд хэсэгт орших Фукушима мужийн нэгэн хотод цасны зузаан 152 см хүрчээ.
Мөн Хирошима мужийн зарим хэсэгт 137 см зузаан хур тунадас унажээ. Японы баруун болон хойд хэсэгт эрс хүйтэрсэн талаар тус улсын холбогдох албаныхан мэдээлж байна. Тухайлбал, өнөө өглөө Хоккаидогийн зарим хэсэгт цельсийн 27.5 градус, мөн Саппород 9.5 градус, Наганод 7.4 градус хүйтэн байсан байна. Цаг уурын шинжээчдийн мэдээлснээр тус улсын далайн эрэг хавийн бүс нутгаар цас үргэлжлэн орох төлөвтэй байгаа ажээ.
Мөн Окинава, Амами арлын орчимд хүчтэй салхины улмаас далайн давалгаа ширүүснэ гэдгийг мэргэжилтнүүд анхааруулж байна. Японы Ниппон Эйрвейс, Жэпэн Эйрлайнс зэрэг компани дотоодын нийт 286 нислэгээ цуцласан бөгөөд түүнчлэн олон бүс нутагт халтиргаа гулгаанаас үүдэлтэй осол гарахаас сэргийлэхийн тулд хурдны замуудыг түр хаагаад байгаа юм.
Японы Ошима аралд сүүлийн 115 жилд анх удаа цас оржээ | ||
Үзсэн: 2142 | Mongolian National Broadcaster |
Сэтгэгдэл бичих:
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.