Шууд Chart

Хятадын иргэд Цагаан сарын баяртаа бэлдэж байна

2016-01-26 09:03:15

Хоёр долоо хоногийн дараа Хятадын ард түмэн Цагаан сарын баяраа тэмдэглэнэ. Үүнтэй холбогдуулан дэлхийн олон улс орноос болон Хятад дахь бүс нутгуудаас тус улсын олон иргэн төрөл төрөгсөд, орон гэрээ зорьцгоож эхэллээ. Хятадын эрх баригчид Цагаан сарын хөл хөдөлгөөнд бэлдэн нийтийн тээврийн үйлчилгээнд ашиглаж байгаа автобусны тоог 846 мянгад хүргэж, мөн галт тэрэг явах давтамжийг нэмэгдүүлжээ.

Оргил цагаар эдгээр автобус 22 сая хүнд үйлчлэх боломжтой гэнэ. Мөн нийтдээ нэг сая орчим хүн суулгах багтаамжтай 20 мянган хөлөг онгоц Хятадын Цагаан сарын үеэр хүмүүст үйлчилнэ. Хүйтэн цаг агаараас үүдэн хурдны зам, автобус ашигладаг хүмүүс галт тэргээр үйлчлүүлэх нь нэмэгдсэн мэдээтэй байгаа юм. Тодруулбал, энэ онд гэр бүл, хамаатан саднаа зорьж байгаа зургаан сая хүн галт тэргээр үйлчлүүлнэ гэсэн тооцоо гарсантай холбогдуулан өдөр бүр үйлчилгээнд гардаг 3000 галт тэрэг дээр 400 галт тэрэг шинээр нэмээд байна.

Мөн хүн амынх нь дийлэнх хэсэг нутаг буцаж байгаа энэ цаг үед олон хүн цугларсан газруудад аюулгүй байдлыг хамгаалах, дэг журам сахиулахаар галт зэвсэгтэй цагдаа нар дайчлагджээ. Сүүлийн жилүүдэд Хятад улсад баян ядуугийн зааг ялгаа улам бүр нэмэгдэж байгаа нь тус улсын зарим ард иргэдийн эгдүүцлийг төрүүлэх болсон. Мөн угсаатны цөөнхийг ялгаварлан гадуурхах үзэл гарч байгаатай холбогдуулан олон нийтийн газрууд дахь аюулгүй байдлыг чангатгасан гэж холбогдох албаныхан тайлбарлаж байна. Хятадад энэ жил давхардсан тоогор 2.9 тэрбум хүн төрөлх нутаг руугаа замд гарах тооцоо гарчээ. Жил бүр энэ тоо өсдөг уламжлал энэ онд ч хадгалагдаж, өмнөх оны үзүүлэлтээс 3.6 хувиар өссөн ажээ.

Нийтэлсэн: Э.Энхрэл

Хятадын иргэд Цагаан сарын баяртаа бэлдэж байна  
Үзсэн: 553 Mongolian National Broadcaster  

Сэтгэгдэл бичих:

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.
1000 Сэтгэгдэлээ бичнэ үү

Бидэнтэй нэгдээрэй