
Өчигдөр Ираны Ерөнхийлөгч Хассан Роухани Европ тивд хийх айлчлалаа эхэлж, Италийн нийслэл Ром хотод хүрэлцэн очлоо. Иран олон улсын "5+1" бүлэгтэй байгуулсан гэрээ хэрэгжиж эхэлсэн ч тус улсын эсрэг АНУ-ын зарим хориг арга хэмжээ хүчин төгөлдөр хэвээр байгаа.
Энэ үеийг ашиглан Ираны эсрэг дийлэнх хоригоо цуцласан Европын холбооны гишүүн орнууд Ирантай худалдаа, эдийн засгийн салбарын харилцаагаа сэргээхээр яаравчилж байна. Өчигдөр Ираны Ерөнхийлөгч Хассан Роухани Италийн Ерөнхий сайд Маттео Ренци нар оройн зоог барихын өмнө хоёр орны компаниуд 17 тэрбум евро, өөрөөр хэлбэл 18.4 тэрбум америк долларын гэрээ хэлэлцээрүүд байгуулсан байна. Эдгээр компанийн дотор эрчим хүчний салбарт үйл ажиллагаа явуулдаг Сайпем, Ансальдо Энержиа, мөн хөлөг онгоц үйлдвэрлэгч Финкантьери зэрэг компани багтаж байгаа аж. Үүнээс гадна Италийн ган үйлдвэрлэгч Даниели компани Ираны талтай 5.7 тэрбум америк долларын гэрээ байгуулжээ.
Хассан Роухани мөн Итали дахь айлчлалынхаа үеэр Ватиканд очиж, Ромын католик шашны хамба лам Францисктай уулзахаар төлөвлөж байна. 1999 оноос хойш анх удаа Ираны Ерөнхийлөгч, Ромын хамба лам нар уулзаж байгаа гэдгээрээ энэ уулзалт онцлог юм. Ираны эсрэг хориг арга хэмжээ хэрэгжихээс өмнө Иран, Итали хоёр орон жилд 7.6 тэрбум америк долларын худалдаа хийдэг томоохон түншүүд байсан.
Гэхдээ хориг арга хэмжээтэй холбоотойгоор энэ үзүүлэлт 1.5 тэрбум америк доллар болж буурсан байгааг ойрын жилүүдэд өмнөх түвшинд сэргээхийг хоёр орны эрх баригчид зорьж байна. Хассан Роухани Итали дахь айлчлалаа өндөрлөсний дараа пүрэв гарагт Францыг зорино. Түүний энэ айлчлалын үеэр Францын автомашин үйлдвэрлэгчид, иргэний агаарын тээвэр болон барилга, дэд бүтцийн салбарт үйл ажиллагаа эрхлэгч компаниуд Ираны талтай гэрээ хэлэлцээр байгуулах юм.
Ираны Ерөнхийлөгч Хассан Роухани Италид айлчилж байна | ||
Үзсэн: 495 | Mongolian National Broadcaster |
Сэтгэгдэл бичих:
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.