
Сирид энх тайван тогтоох тухай яриа хэлэлцээ төлөвлөж байсан товоосоо гурав хоногийн дараа буюу ирэх баасан гарагт зохион байгуулагдахаар болжээ. Энэ талаар НҮБ-ын Сирийн асуудал хариуцсан тусгай төлөөлөгч Стаффан де Мистура мэдэгдсэн байна. Тэрээр өчигдөр Швейцарийн Женев хотноо сэтгүүлчидтэй уулзлаа. Стаффан де Мистурагийн хэлснээр баасан гарагт НҮБ-ын зуучлал дор болох тус яриа хэлэлцээнд оролцогч талуудад урилга хүргүүлсэн байна. АНУ, ОХУ-ын эрх баригчид Сирид энх тайван тогтоох тухай яриа хэлэлцээнд урих сөрөг хүчний бүлгүүдийн тухайд эрс зөрүүтэй байр суурь баримталж байсан.
Тодруулбал АНУ-ын урих хүсэлтэй зарим бүлгийг ОХУ-ын тал террорист байгууллагын жагсаалтад багтаан, Сирийн яриа хэлэлцээнд оролцох эрхгүй хэмээн эсэргүүцэж байсан юм. Үүнтэй холбоотойгоор өчигдөр зохион байгуулагдах байсан Сирийн яриа хэлэлцээг хойшлуулсан гэж шинжээчид үзэж байна. Энэ асуудлаар талууд байр суурийн зөрүүгээ арилгасан эсэх, мөн яриа хэлэлцээнд ямар бүлгүүд уригдсан тухайд НҮБ-ын Сирийн асуудал хариуцсан тусгай төлөөлөгч тодорхой мэдээлэл өгсөнгүй.
Түүний хэлснээр баасан гарагт Женев хотод болох яриа хэлэлцээний үеэр талууд Сирид эв нэгдлийн засгийн газар байгуулах, шинэ үндсэн хуулийн төсөл боловсруулах, бүх нийтийн сонгууль зохион байгуулах тухай голлон хэлэлцэх юм байна. Үүнээс гадна Сирид сөргөлдөгч талууд гал зогсоох, Исламын улс алан хядагч бүлэглэлийг устгах, Сирийн ард иргэдэд үзүүлэх хүмүүнлэгийн тусламжийг нэмэгдүүлэх тухай мөн хөндөнө гэж Стаффан де Мистура мэдэгдлээ.
Сирид энх тайван тогтоох тухай яриа хэлэлцээ хойшиллоо | ||
Үзсэн: 854 | Mongolian National Broadcaster |
Сэтгэгдэл бичих:
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.