
Өмнөд Солонгосын нийт нутгаар цаг агаар огцом хүйтрээд байна. Тодруулбал, өнгөрсөн бямба гарагаас хойш Өмнөд Солонгос улсад хүйтний эрч чангарч, өмнөд болон баруун бүс нутагт нь цасан шуурга шуурчээ. Цаг агаарын энэ таагүй байдлаас үүдэн Өмнөд Солонгосын баруун өмнө хэсэгт орших Чежү арлын нисэх буудлыг түр хугацаагаар хаасан тул 80 гаруй мянган зорчигч нисэх буудалд саатахад хүрсэн байна. Чежү арлын бүсэд цасны зузаан 12 см-т хүрсэн тухай орон нутгийн хэвлэлүүд мэдээлж байна.
Энэ аралд хамгийн сүүлд 32 жилийн өмнө ийм их хэмжээний цас унаж байжээ. Аялал зугаалгын салбар түлхүү хөгжсөн энэ арал дээр ихэнхдээ дулаан агаартай байдаг учраас гэнэт хүйтэрч, их цас унасанд аялагч, жуулчид цочирдсон байна. Цаг агаарын таагүй байдалтай холбогдуулан өнгөрсөн амралтын өдрүүдэд Чежү арлын нисэх буудлын үйл ажиллагааг түр зогсоосны улмаас нийт 1100 орчим нислэг цуцлагдсан байна. Үүнээс үүдэлтэйгээр дээрх онгоцуудаар нисэх байсан 86 мянга гаруй хүний зарим нь Чежү арлын нисэх буудалд хоног төөрүүлэхээс аргагүйд хүрчээ.
Гэхдээ өчигдөр өглөөнөөс эхлэн Чежү арлын нисэх буудал үйл ажиллагаагаа сэргээж, зарим онгоц товлосон цагтаа нислэг үйлдэж эхэлсэн байна. Өмнөд Солонгосын нийслэл Сөүл хотод ч гэсэн цаг агаар хүйтэрч, цельсийн хасах 18 хэм хүрсэн нь сүүлийн 15 жилд тохиогоогүй цаг агаарын үзэгдэлд тооцогдож байгаа юм.
БНСУ-д сүүлийн 15 жил тохиогоогүй их хүйтрэв | ||
Үзсэн: 2675 | Mongolian National Broadcaster |
Сэтгэгдэл бичих:
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.