
НҮБ энэ баасан гарагт өөрийн зуучлал дор зохион байгуулах Сирид энх тайван тогтоох тухай яриа хэлэлцээнд тус улсын Засгийн газар болон сөрөг хүчний төлөөллийг уриад байна. Гэхдээ Саудын Араб улсад төвтэй байгуулагдсан Сирийн сөрөг хүчний төлөөллийн нэгдсэн хорооны гишүүд тус яриа хэлэлцээнд оролцох эсэх нь одоогоор тодорхой бус байна.
Өчигдөр НҮБ-ын Сирийн асуудал хариуцсан тусгай төлөөлөгч Стаффан де Мистура энэ даваа гарагт зохион байгуулах байсан энхийн яриа хэлэлцээг баасан гарагт болгон хойшлуулж, талуудад урилга явуулсан гэдгээ мэдэгдсэн. Гэхдээ энэ яриа хэлэлцээнд сөрөг хүчний ямар бүлгүүдийг оролцуулахаар болсноо тэрээр зарлаагүй юм. Харин Сирийн Ерөнхийлөгч Башар Асадыг эсэргүүцэгч сөрөг хүчний бүлгүүдийн нэгдсэн хороо Женевт болох тус яриа хэлэлцээнд төлөөллөө илгээхгүй байж магадгүй гэдгээ мэдэгдсэн байна. Сирийн хямралыг шийдвэрлэх тухайд Иран болон ОХУ-ын дэвшүүлсэн бүтэшгүй санааг АНУ хүлээн зөвшөөрсөн учраас энхийн хэлэлцээнд оролцох шийдвэрээ эргэн харахад хүрсэн гэж тус хороо тайлбарлажээ. Өнөөдөр Сирийн сөрөг хүчний бүлгүүд хорооныхоо хуралдаанаар энэ тухай эцэслэсэн шийдвэр гарах юм байна.
Хэрэв Сирийн сөрөг хүчнийхний Саудын Арабын нийслэлд төвтэйгөөр үйл ажиллагаа явуулж байгаа тус хороо Женев дэх яриа хэлэлцээнд төлөөлөгчөө илгээхээс татгалзвал энэ яриа хэлэлцээ үр дүнгүй болно гэдгийг өрнөдийн дипломатууд анхааруулж байна. Үүнээс гадна Сири дэх Курдын гол нам яриа хэлэлцээнд уригдаагүй болохоо мэдэгдлээ. Нутаг дэвсгэрт нь курдын босогчид идэвхтэй үйл ажиллагаа явуулдаг, үүнтэй холбоотойгоор курдын босогчдыг алан хядагчид гэж тодорхойлдог Турк улсыг Сирийн яриа хэлэлцээнд оролцуулахын тулд ийм шийдвэр гаргасан болов уу гэж ажиглагчид дүгнэж байна.
Энх тайван тогтоох яриа хэлэлцээнд сөрөг хүчний босогчид оролцохгүй байж магадгүй | ||
Үзсэн: 1034 | Mongolian National Broadcaster |
Сэтгэгдэл бичих:
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.