Шууд Chart

Канадын Засгийн газар Ираны эсрэг хориг арга хэмжээгээ зөөлрүүлнэ

2016-01-27 12:21:52

Канадын Засгийн газар Ираны эсрэг тогтоосон хориг арга хэмжээгээ зөөлрүүлэхээр төлөвлөж байна. Францын Эйрбас компани Иранд иргэний агаарын тээврийн онгоц худалдаалахаар төлөвлөж байгаа. Иймээс Канадын нисэх онгоц үйлдвэрлэгч Бомбардир компанид ч энэ боломжийг нээх ёстой гэж тус улсын эрх баригчид үзэж, ийм шийдвэрт хүрчээ.

Европын  холбоо Ираны эсрэг дийлэнх хориг арга хэмжээгээ цуцласантай холбогдуулан Францын Эйрбас компаниас иргэний агаарын тээврийн 100 гаруй нисэх онгоц худалдан авна гэдгээ Ираны эрх баригчид зарласан юм. Иран ийнхүү Канадаас биш, Францын компаниас нисэх онгоц худалдан авахаар болсон явдалд Канадын гадаад хэргийн сайд консерватив үзэлт сөрөг хүчнээ буруутгасан байна. Тус улсын сөрөг хүчний намынхан Ираны эсрэг хориг арга хэмжээг цуцлахаас цааргалсаар өнөөг хүрсэн юм.

Харин цаашид Канадын эрх баригчид энэ мэт эсэргүүцлийг үл харгалзан Ираны эсрэг хориг арга хэмжээгээ зөөллөхөөр төлөвлөж байгаа юм байна. Ингэхдээ Канад улс холбоотон улсуудтайгаа сайтар зөвлөлдөн, харилцан уялдаатай ажиллана гэдгийг тус улсын Гадаад хэргийн сайд мэдэгдлээ. Ажилчдынхаа тоогоор АНУ-ын Боинг, Францын Эйрбас компанийн араас 3-рт бичигддэг Канадын Бомбардир компанийн хувьд улс нь Ираны эсрэг хориг арга хэмжээгээ цуцлана гэдэг тун таатай мэдээ болж байна. Учир нь тус компанийн удирдлага Иранд 100-150 суудалтай нисэх онгоцоо худалдаалах талаар хэлэлцээ хийж эхлээд байгаа юм.

Нийтэлсэн: Э.Энхрэл

Канадын Засгийн газар Ираны эсрэг хориг арга хэмжээгээ зөөлрүүлнэ  
Үзсэн: 877 Mongolian National Broadcaster  

Сэтгэгдэл бичих:

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.
1000 Сэтгэгдэлээ бичнэ үү

Бидэнтэй нэгдээрэй