
Исламын бүгд найрамдах Иран улсын Ерөнхийлөгч Хассан Роуханигийн айлчлалын үеэр зочныхоо ая тухыг хангахын тулд Италийн Ерөнхий сайд Маттео Ренцигийн гаргасан шийдвэрүүд тус улсын ард иргэдийн зүгээс шүүмжлэлд өртжээ.
Тухайлбал, Италийн Ерөнхий сайд Маттео Ренци Ираны Ерөнхийлөгч Хассан Роуханитай хамт хүндэтгэлийн зоог барих үеэр исламын шашинтнууд согтууруулах ундаа хэрэглэдэггүй ёс жаягийг бодолцон, дарс хундагалаагүй байна. Ираны тал Францад мөн ийм хүсэлт илгээсэн ч, Францын эрх баригчид өөрсдийн ёс уламжлалыг харгалзан тус хүсэлтийг хүлээж аваагүй юм.
Улмаар үүнээс үүдэлтэйгээр Францад Роухани хүндэтгэлийн зоог барихгүй байхаар болсон. Харин Италийн эрх баригчид энэ асуудлаар буулт хийснээс гадна өчигдөр Роухани тус улсын музейд зочлох үеэр нүцгэн баримлуудыг халхалсан явдал нь олны шүүмжлэлд өртсөн байна. Үүний зэрэгцээ Италийн Ерөнхий сайд Маттео Ренци Ираны Ерөнхийлөгчтэй хамтарсан хэвлэлийн бага хурал зохион байгуулах үеэрээ Иран дахь хүний эрхийн зөрчлийн талаар бараг хөндөж яриагүй, мөн Италийн соёлын бэлгэ тэмдэг болсон нүцгэн эмэгтэйчүүдийн баримлыг халхалсан нь хэрээс хэтэрсэн үйлдэл гэж сөрөг хүчний намынхан эрс шүүмжилж байна.
Бусдын соёлыг хүндэтгэхийн тулд өөрийнхөө соёлыг уландаа гишгэнэ гэдэг байж боломгүй явдал гэж Италийн Ерөнхий сайд байсан Силвио Берлусконигийн намын хууль тогтоогчид мэдэгджээ. Өнгөрсөн онд Италийн Ерөнхий сайд Маттео Ренци Арабын нэгдсэн Эмират улсын угсаа залгамжлах хунтайжийг хүлээн авсан танхимд байсан нүцгэн эмэгтэйчүүдийн зургийг халхалсан нь мөн шүүмжлэлд өртөж байсан юм.
Италийн Ерөнхий сайд соёл уламжлалаа дорд үзсэн гэх шүүмжлэлд өртжээ | ||
Үзсэн: 604 | Mongolian National Broadcaster |
Сэтгэгдэл бичих:
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.