Шууд Chart

Данийн цагдаа нар дүрвэгчдийн үнэ бүхий эд зүйлсийг хураах эрхтэй болжээ

2016-01-27 14:53:00

Дани улс цагаач дүрвэгчдийн тухай хуулиндаа өөрчлөлт оруулж, тус улсын хилээр нэвтэрч байгаа цагаач дүрвэгчдийн 1.340 еврогоос дээш үнэтэй эд хөрөнгийг хураан авах эрх цагдаа нарт олгожээ. Өмнө нь тус улсын цагдаа нар цагаач дүрвэгчдийн үнэ бүхий эд зүйлсийг хураан авч байгаа тухай мэдээ олон улсад шуугиан тарьсан юм. Эндээс цуглуулсан хөрөнгийг дүрвэгчдэд хоол хүнс, орон байр бэлдэхэд зарцуулна гэх тайлбарыг зарим улс орны иргэд шударга явдал гэж нааштайгаар хүлээж авсан бол өөр улс орнуудад энэ шийдвэр дүрвэгчдийн эрхийг зөрчсөн хэрэг гэх шүүмжлэл хүлээсэн юм.

Харин энэ арга хэмжээг албан ёсоор хуульчлах асуудлыг Дани улсын хууль тогтоогчид өчигдөр хэлэлцэж, олонхийн саналаар баталсан байна. Ингэснээр тус улсын цагдаа нар орогнол эрсэн цагаач дүрвэгчдийн 10 мянган дани крон буюу 1.340 еврогоос дээш үнэ бүхий эд хөрөнгийг хураан авах хууль ёсны эрхтэй болжээ. Үүнээс гадна цагаач дүрвэгчдийг гэр бүлийнхэнтэй нь уулзуулах асуудлыг дахин хойшлуулахаар Данийн парламент шийдвэрлэсэн байна.

Эдгээр шийдвэрийг НҮБ-ын Ерөнхий нарийн бичгийн дарга Пан Ги Муны хэвлэлийн төлөөлөгч дүрвэгчдийн суурь эрхийг зөрчсөн гэж эрс шүүмжилж байна. Дайн хямралаас дайжин, олон зуун километр явган алхаж, Газар дундын тэнгисийг гатлахын тулд амь насаа хүртэл эрсдэлд оруулсан дүрвэгчдийг сайхан сэтгэлээр хүлээн авч, хайр хүндлэл үзүүлэх хэрэгтэй гэж Пан Ги Муны хэвлэлийн төлөөлөгч мэдэгджээ. Хүний эрхийн бусад байгууллага ч Данийн эрх баригчдын баталсан энэ хуулийг эрс шүүмжилж байгаа юм. Дани улс өнгөрсөн онд 21 мянган дүрвэгчээс орогнол эрэх өргөдөл хүлээн авчээ.

Нийтэлсэн: Э.Энхрэл

Данийн цагдаа нар дүрвэгчдийн үнэ бүхий эд зүйлсийг хураах эрхтэй болжээ  
Үзсэн: 795 Mongolian National Broadcaster  

Сэтгэгдэл бичих:

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.
1000 Сэтгэгдэлээ бичнэ үү

Бидэнтэй нэгдээрэй