Шууд Chart

Бруней дэлхийн хамгийн баян, хангамж сайтай орны нэг

2016-01-27 14:58:14

Албан ёсны нэр нь Бруней-Даруссалам улс. Зүүн өмнөд Азид, Борнео арлын баруун хойд эрэгт орших вант улс. Өмнөд Хятадын тэнгис рүү гарцтай, Малайз улстай хиллэдэг. Газар нутаг 5.8 мянган шоо километр, хүн ам нь 401 мянга, нийслэл нь Бандар-Сери-Бегаван хот, үндэстнүүдийн хамтын нөхөрлөлд багтдаг.

Усны нөөц: Бруней-Даруссалам улсад том гол мөрөн, нүүр цөөрөм байхгүй. Бруней, Тудонг, Тембуронг, Белайт гол нь тус улсын өмнөд хэсэгт орших өндөрлөг газраас эх авч, хойшоо урсаж, Өмнөд Хятадын тэнгист цутгана.

Цаг уур: Экваторын чийглэг уур амьсгалтай. Өмнөд Хятадын тэнгисээс ирэх муссон агаарын урсгал маш их нөлөөлж, усархаг бороо их ордог. Газар хөдлөлийн идэвхтэй бүсэд байдаг тул газар хөдлөлт их болдог. Агаарын температур жилийн турш +26 градуст хэлбэлзэнэ. Бруней-Даруссалам улсын нийт газар нутгийн 75 гаруй хувь нь чийглэг ширэнгэн ойгоор бүрхэгдсэн.

Засгийн бүтэц: Төр болон Засгийн газрын тэргүүн нь Султан. Мөн тэрбээр улс орны шашны тэргүүн. Сайд нарын танхим нь ихэвчлэн Султаны садан төрлөөс бүрддэг. Засаг захиргаа, нутаг дэвсгэрийн хувьд дөрвөн мужид хуваагдана.
Гадаад бодлого, олон улсын харилцаа: Бруней тусгаар тогтнолоо зарласнаас нэг 7 хоногийн дараа буюу 1984 оны 1-р сарын 7-ны өдөр Зүүн өмнөд Азийн орнуудын холбоо-АСЕАН-д нэгдсэн. Тэр цагаас хойш АСЕАН нь тус улсын гадаад бодлогын тэргүүлэх чиглэл болж ирсэн. Бруней 1984 оны есдүгээр сард НҮБ-д элссэн. Мөн тус улс Исламын хамтын ажиллагаа байгууллага, Ази, Номхон далайн эдийн засгийн хамтын ажиллагааны байгууллага, Үндэстнүүдийн хамтын нөхөрлөлийн гишүүн.

Хүн ам: 401 мянга, хүн амын жилийн дундаж өсөлт 1.73 хувь, дундаж наслалт- эрчүүд 74, эмэгтэйчүүд 78. Хүн амын 66 хувь нь малайзчууд, мөн хятадууд 11 хувь, европчууд болон энэтхэгчүүд амьдардаг. Бруней улсын албан ёсны хэл нь малай хэл, мөн англи, хятад хэл тархсан байна. Нийт эрчүүдийн 95 хувь нь, эмэгтэйчүүдийн 90 хувь нь бичиг үсэг тайлагдсан. Нийт хүн амын 75 хувь нь хотод амьдардаг, нэг шоо километр газарт 62 хүн амьдардаг. Бруней улсын хувьд нийт хүн амын гуравны нэг нь нийслэл Бандар-Сери-Бегаван хотод оршин суудаг. Үлдсэн хэсэг нь ихэвчлэн нефтийн орд газрууд төвлөрсөн нутагт оршин суудаг.

Шашин шүтлэг: Албан ёсны шашин нь ислам. Нийт хүн амын 67 хувь нь исламын шашин шүтдэг бол 13 хувь нь буддын шашин, 10 нь христийн шашин, үлдсэн 10 хувь нь бусад шашин шүтдэг байна. Брунейн султан Хассанал Болкиа 2013 онд шариатын эрүү, эрх зүйн системийг улс орондоо хэрэгжүүлэхээр болсноор мусульманууд өөр шашин шүтэх нь хориотой болж, Султаны шийдвэрийг зөрчсөн хүнийг 20 мянган доллароор торгох, эсвэл 5 жил шоронд хорих ял оноодог байна. 2014 оны тавдугаар сарын 1-нд Бруней улс шариатын хууль дүрэмтэй улс болж, шинэ хууль баталсан. Энэ хуулийг батласнаар ижил хүйстнүүдэд цаазаар авах ял оноож болдог, мөн үр хөндөлт хийхийг завдсан эмэгтэйчүүдийг олны өмнө ташуурдан жанчихыг зөвшөөрчээ.

Эдийн засаг: Бруней-дэлхийн хамгийн баян, хангамж сайн орны нэг. Ард иргэд нь баян тансаг амьдардгаас үүдэж Брунейг “Исламын Диснейлэнд” гэж нэрлэх болжээ. Бруней нефть болон байгалийн хийн баялаг нөөцтэй тул Ази тивд амьдралын түвшнээр дээгүүрт ордог. 2009 оны байдлаар нэг хүнд оногдох Дотоодын нийт бүтээгдэхүүний хэмжээ нь 50.1 мянган доллар, дэлхийд есдүгээрт ордог. Ажил хөдөлмөр эрхэлдэг хүмүүсийн 40-өөд хувь нь хөрш зэргэлдээх зүүн болон зүнн өмнөд Азийн орноос ирсэн иргэд байна. Бруней Өмнөд Хятадын тэнгис дагуу Сериагийн, Муарагийн гэх мэт нефть болон байгалийн хийн орд газруудыг эзэмшдэг. Улс орны эдийн засгийн үндэс суурийг нефть болон байгалийн хийн олборлолт, боловсруулалт бүрдүүлдэг. Тус улс жилд 10 сая тонн нефть, 12 тэрбум куб/метр байгалийн хий боловсруулж, хилийн чинадад нийлүүлдэг. Дотоодын нийт бүтээгдэхүүний 60-аад хувийг нефть болон байгалийн хийн экспортоос орж ирсэн валютын урсгал эзэлдэг.

Бруней улс шингэрүүлсэн хийн үйлдвэрлэлээр дэлхийд 4-т ордог, Япон улс шингэрүүлсэн хийгээ Брунейгээс тээвэрлэдэг. Энд цаасны үйлдвэр, эрдэс бордооны үйлдвэр, барилгын материалын үйлдвэр, мод бэлтгэх, боловсруулах үйлдвэрүүд ажилладаг. Мөн Бруней улсад цагаан будаа, эрдэнэ шиш, кокос, гадил, какао, кофе ургаж, тариалдаг бөгөөд оёдол, гоёл чимэглэл, алт, мөнгөн эдлэлийн урлаг маш өндөр хөгжсөн. Бруней улс нефть, нефтийн бүтээгдэхүүн, байгалийн хий экспортлодог. Хөдөө аж ахуй маш сул хөгжсөн. Хүнсний бүтээгдэхүүний 80-аад хувийг Бруней импортоор авдаг. Энд цагаан будаа, жимс жимсгэнэ тариалж, ургуулж, тахиа үржүүлж, үхэр, ямаа малладаг. Брунейн Засгийн газар эдийн засгаа нефть, байгалийн хийгээс хараат бус болгох тал дээр хүч чармайлт тавьж, банк болон санхүүгийн салбараа хөгжүүлэх, гадны хөрөнгө оруулалт татах оролдлого хийхийн зэрэгцээ улс орондоо жуулчдыг татах хүч чармайлт маш их тавьж байна.

Брунейн Султан Хассанал Болкиах

Гадаад худалдаа: Бруней улс түүхий нефть, байгалийн хий, оёдлын бараа бүтээгдэхүүн экспортлож, 10.7 тэрбум долларын ашиг олдог. Гол худалдан авагч нь: Япон-40.4 хувь, Индонези-21.4 хувь, Өмнөд Солонгос-15.3 хувь, Австрали-10 хувь.  

2.6 тэрбум долларын аж үйлдвэрийн бараа бүтээгдэхүүн, хэрэглээний бараа товар, хүнсний бараа бүтээгдэхүүн импортоор авдаг. Гол нийлүүлэгч нь: Сингапур-36.3 хувь, Малайз-18.9 хувь, Япон-7.6 хувь, Хятад-5.4 хувь, Тайланд-5 хувь, АНУ-4.7 хувь, Их Британи-4.7 хувь.            
Засаг захиргааны хуваарилалт:
1.    Белайт
2.    Бруней-Муара
3.    Тембуронг
4.    Тутонг гэсэн дөрвөн мужид хуваагдана. Мужууд нь дотроо дүүрэгт хуваагдана.

Нийтэлсэн: Т.Цогтоо

Бруней дэлхийн хамгийн баян, хангамж сайтай орны нэг  
Үзсэн: 6021 Mongolian National Broadcaster  

Сэтгэгдэл бичих:

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.
1000 Сэтгэгдэлээ бичнэ үү
85.4.167.xxx [85.4.167.xxx] 2016-01-27 23:42
hudlaa. hodolj chadahaa bolitloo delbersen hed tegeed 90 huvi ni guilgachin. hol gishgeh 1 santimetr huurai gazargui bolohloor dalain usand barisan baishin shuu iuamdaa chiheldeed baij baidag. huurai gazer deer iadaj 10 alhaj uzeh iumsan gesen huselteigee hamt uhdeg

Бидэнтэй нэгдээрэй