Шууд Chart

Ираны Ерөнхийлөгч Хассан Роухани Франц улсад айлчилж байна

2016-01-28 10:12:18

Ираны Ерөнхийлөгч Хассан Роухани Итали улс дахь айлчлалаа өндөрлөсний дараа өчигдөр Франц улсад хүрэлцэн очлоо. Тэрээр Франц дахь айлчлалынхаа эхэнд тус улсын бизнес эрхлэгчидтэй уулзаж, Иранд хөрөнгө оруулах боломж нээлттэй болохыг албан ёсоор мэдэгдсэн байна. Өнгөрсөн оны долоодугаар сард Иран олон улсын "5+1" бүлэгтэй цөмийн хөтөлбөрийн асуудлаарх гэрээ байгуулсны дараа Францын улс төр, худалдаа, эдийн засгийн салбарын төлөөлөл Тегераныг зорьж, тус улсын зах зээлд нэвтрэх боломжийг судалж эхэлсэн юм. Тухайн үеэс эхэлсэн яриа хэлэлцээний хүрээнд энэ удаагийн айлчлалын үеэр хоёр орны хооронд хэд хэдэн гэрээ хэлэлцээр байгуулагдах юм.

Эдгээрийн дотор Ираны иргэний агаарын тээврийн үйлчилгээнд одоо ашиглагдаж байгаа онгоцуудыг шинэчлэх асуудлаарх гэрээ багтаж байгаа юм. Өчигдөр Ираны Ерөнхийлөгч Хассан Роухани Францын бизнес эрхлэгчдийн төлөөлөлтэй уулзсан бол өнөөдөр Франц-Ираны чуулга уулзалтад оролцохоор төлөвлөж байна. Энэ үеэр Ираны сайд нар хэд хэдэн салбар дахь хоёр орны хамтын ажиллагааны төлөвлөгөөг танилцуулах юм. Үүнээс гадна Хассан Роухани Францын Ерөнхийлөгч Франсуа Олландтай уулзаж, дараа нь хоёр орны хооронд ямар, ямар гэрээ хэлэлцээрүүд байгуулагдсан талаар олон нийтэд зарлах юм. Ираны албаны хүний мэдээлснээр тус улс иргэний агаарын тээврийн онгоцуудаа шинэчлэх тухай Францын Эйрбас компанитай хэлэлцээрт хүрэх төлөвтэй байна. Мөн Пёжо, Рено зэрэг автомашин үйлдвэрлэгч компаниуд Ирантай гэрээ хэлэлцээр байгуулж магадгүй юм байна.

Францын компаниуд Иран улсад хөрөнгө оруулахдаа тун болгоомжтой хандаж байгааг ажиглагчид онцолж байна. Энэ нь "5+1" бүлэгтэй байгуулсан гэрээгээ Иран улс зөрчсөн тохиолдолд тус улсын эсрэг дахин хориг арга хэмжээ тогтоож магадгүй гэдэг болгоомжлолоос үүдэлтэй юм.

Нийтэлсэн: Э.Энхрэл

Ираны Ерөнхийлөгч Хассан Роухани Франц улсад айлчилж байна  
Үзсэн: 477 Mongolian National Broadcaster  

Сэтгэгдэл бичих:

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.
1000 Сэтгэгдэлээ бичнэ үү

Бидэнтэй нэгдээрэй