
Японы эзэн хаан Акихито, хатан хаан Мичико нар Филиппин улсын Ерөнхийлөгч Бенигно Акиногийн урилгаар тус улсад албан ёсны айлчлал хийж байна. Өчигдөр орой Японы эзэн хаан хатны хамтаар Филиппиний нийслэл Манила хотод байрлах Ерөнхийлөгчийн ордонд тэдэнд зориулан зохион байгуулсан хүлээн авалтад оролцлоо.
Филиппиний Ерөнхийлөгч Бенигно Акино энэ хүлээн авалтыг нээж үг хэлэхдээ Япон, Филиппин хоёр улс урт удаан түүхэн замналынхаа турш түншүүд явж ирсэн болохыг тэмдэглээд, одоо харилцаа, хамтын ажиллагаа нь урьд өмнө байгаагүйгээр батжин бэхжсэн гэж дүгнэсэн байна. Ирээдүйд ч гэсэн хоёр улсын зам гэрэлтэй дардан байна гэдэгт итгэж байгаагаа тэрээр мөн дурдаад, Японы талаас үзүүлдэг тусламж дэмжлэгт талархаж явдгаа илэрхийлжээ. Японы эзэн хаан Акихито Филиппины ард түмэнд хандсан үгэндээ “Дэлхийн хоёрдугаар дайны үед АНУ-Японы талууд тус улсын нутаг дэвсгэрт цус асгаруулсан тулалдаан хийсэн. Үүний улмаас гэм зэмгүй олон арван филиппин иргэд амь насаа алдаж, шархдаж, хохирсныг Япон ард иргэд мартаагүй. Миний бие болон хатан хаан Мичико нар болсон үйл явдалд чин сэтгэлээсээ гашуудан харамсаж байна.
Бидний энэ айлчлал хоёр орны ард түмний харилцан ойлголцол, найрамдалт харилцааг бэхжүүлнэ гэдэгт итгэж байна” хэмээн мэдэгдсэн байна. Дэлхийн хоёрдугаар дайны үеэр япон цэргүүд Филиппинд олон энгийн иргэний аминд хүрч, охид эмэгтэйчүүдийг хүчирхийлсэн нь дайны гэмт хэрэг болж түүхэнд үлдсэн юм. Японы эзэн хааны гэр бүлийн Филиппин улс дахь айлчлал Баасан гараг хүртэл үргэлжилнэ. Өнөөдөр Японы эзэн хаан хатныхаа хамт Филиппиний түүхэн дурсгалт газруудаар зочилж, нутгийн иргэдтэй уулзах бол, маргааш Манила хотын захад орших дэлхийн хоёрдугаар дайнд амь үрэгдсэн Япон цэргүүдийн дурсгалын хөшөөнд хүндэтгэл үзүүлэх төлөвлөгөөтэй байгаа юм.
Японы эзэн хааны гэр бүл Филиппинд айлчилж байна | ||
Үзсэн: 1094 | Mongolian National Broadcaster |
Сэтгэгдэл бичих:
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.