
Бразилын Ерөнхийлөгч Дилма Руссеф Зика болон өөр бусад хэд, хэдэн төрлийн вирусын халдвар тараагч шумуултай дайн зарлахыг уриаллаа. ДЭМБ болон Европын халдварт өвчинд хяналт тавих, урьдчилан сэргийлэх төвийн мэдээгээр 2015 оны дөрөвдүгээр сараас хойш Бразилд, дараа нь Өмнөд Америкийн бусад улсад Зика вирусын халдвар илрэх болжээ.
Бразилийн 18 мужид гэхэд хагас сая гаруй тохиолдол бүртгэгдсэн байна. Бразилаас гадна өөр 22 улсад энэ халдвар илрээд байгаа юм. “Денге халуун ханиад, Чикунгунья болон Зика вирусын халдвар тараагч шумуулын эсрэг бид дайн зарлах эхлэх ёстой. Манай бүс нутаг бүхэлдээ аюулд ороод байгааг ДЭМБ-аас анхааруулсан” гэж Бразилийн Ерөнхийлөгч Руссеф өөрийн твиттер хуудсанд бичжээ. Түүний үзэж байгаагаар өвчин тараагч шумуулуудын өсөж үржих гол талбар болдог тогтмол усыг цэвэршүүлэхэд онцгой анхаарал хандуулах шаардлагатай байна.
Зика халуун ханиад нь сармагчинд тохиолддог хурц халдварт өвчин. Заримдаа шумуулаар дамжиж хүнд халдварладаг, халдвар авсан хүмүүст долоо хоногийн хугацаанд ханиадтай төстэй шинж тэмдэг илэрдэг аж. Харин жирэмсэн эмэгтэйчүүд Зика вирусын халдвар авснаар ургийн тархины өсөлт зогсож, хараа, сонсгол, хэл муутай, оюун ухааны хомсдолтой, жижиг толгойтой хүүхэд төрөхөд нөлөөлж байна. Одоогоор Зика вирусын өвчлөлийн эсрэг тусгайлсан эм бэлдмэл байхгүй, вакцин гараагүй байгаа юм.
Зика вирустай дайн зарлахыг Бразилын Ерөнхийлөгч уриалав | ||
Үзсэн: 1252 | Mongolian National Broadcaster |
Сэтгэгдэл бичих:
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.