Шууд Chart

Компьютерийн програм го даамын мэргэжлийн тоглогчийг хожжээ

2016-01-29 12:38:26

Гүүгл корпорацийн хиймэл оюун ухаанд суурилсан програм Хятадын эртний хөлөгт тоглоом болох го дааманд мэргэжлийн тоглогчийг анх удаа хожжээ. 1996 онд дэлхийн нэрт шатарчин Гарри Каспаров Дийп-Блю нэртэй компьютерийн эсрэг шатар тоглож байсан түүхтэй. Тэрээр эхний удаад "Дийп-Блю" компьютерийг хожиж, харин хоёр дахь удаад хожигдож байсан юм. Тухайн үеэс хойш 20 жилийн турш шатрын спортод хиймэл оюун ухаан  манлайлж ирсэн. Харин шатраас хэд дахин хэцүү, эртний го даам тоглоход компьютерүүд төдийлөн амжилт үзүүлэлгүй өнөөг хүрчээ.

Го даамын хөлөг 19х19 нүдтэй, эдгээр нүдэнд хоёр тоглогч цагаан, хар чулуугаар тоглон, илүү нүд эзэлсэн тоглогч хождог учиртай юм. Хөлгийн олон нүднээс шалтгаалан тоглогч нүүдэл хийх 200 гаруй боломжоос оновчтойг нь сонгох шаардлага тулгардаг учраас цэвэр компьютер тооцооллоор го дааманд хожих боломж хомс байжээ. Шатарт бол тоглогч дээд тал нь 20 гаруй нүүдлээс сонгон нүүдэллэдэг. Энэ шалтгаанаас үүдэлтэйгээр го дааманд компьютерууд тааруухан амжилт үзүүлдэг байсан хэв маягийг эвдэн, “АльфаГо” програмтай компьютер Европ тивийн аварга мэргэжлийн тоглогчтой хүч үзэж, ялалт байгуулсан тухай “Гүүгл” компани зарлалаа.

“АльфаГо” програм нь хиймэл оюун ухааны тусламжтайгаар го даамыг хэрхэн тоглох талаар үргэлжлүүлэн суралцаж, энэ мэдлэг дээрээ үндэслэн нүүдлээ сонгодог байна. Энэ аргын тусламжтайгаар компьютер, робот зэрэг төхөөрөмж бие даан суралцах, хүний царай таних, харилцан ярилцах, тэр бүү хэл, орчуулга хийхэд суралцах боломжтой юм. АльфаГо програмыг ДийпМайнд хиймэл оюун ухаан хөгжүүлэгч компани боловсруулсан. Тус компанийг Гүүгл корпораци 2014 онд 400 сая америк доллараар худалдан авсан юм.

Нийтэлсэн: Э.Энхрэл

Компьютерийн програм го даамын мэргэжлийн тоглогчийг хожжээ   
Үзсэн: 1229 Mongolian National Broadcaster  

Сэтгэгдэл бичих:

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.
1000 Сэтгэгдэлээ бичнэ үү

Бидэнтэй нэгдээрэй