Шууд Chart

Дэлхийн хотуудаас жилд 1.3 тэрбум тонн хог хаягдал гардаг

2016-01-29 12:46:05

Дисней компанийн 2008 онд бүтээсэн Уолл-И хүүхэлдэйн кинонд хог хаягдалд дарагдан, хүн амьдрах боломжгүй болсон дэлхийд цор ганцаараа үлдсэн цэвэрлэх роботын тухай гардаг. Сүүлийн үеийн тооцоо судалгаанаас үзвэл дэлхий дахин үнэхээр ийм ирээдүйтэй нүүр тулах аюул ойрхон иржээ. Дэлхийн банкны мэдээнээс үзвэл 10 жилийн өмнө том хотын иргэд жилд дунджаар 680 сая тонн хатуу хог хаягдал гаргадаг байжээ. Харин сүүлийн жилүүдэд энэ хэмжээ улам өсөж, өнгөрсөн онд 1.3 тэрбум тоннд хүрсэн байна.

Улмаар 2025 он гэхэд дэлхийн хотууд жилд 2.2 тэрбум тонн хог хаягдал гаргадаг болно гэж эрдэмтэд тооцоолж байгаа юм. Ийм хэмжээний хог хаягдлаар хог ачдаг автомашины 5.000 км үргэлжилсэн цувааг өдөр бүр дүүргэх боломжтой юм. Үүнээс гадна эдгээр хог хаягдлыг зайлуулахад жил бүр зарцуулдаг хөрөнгийн хэмжээ 10 жилийн дараа 375 тэрбум америк долларт хүрэх тооцоо бий. Одоо бид хог хаягдлаа зайлуулахад 205 тэрбум америк доллар зарцуулж байгаа юм. Үүнтэй холбоотойгоор байгальд задардаггүй хог хаягдлын хэрэглээг бууруулах, хог хаягдал дахин боловсруулах, мөн хог хаягдлыг хорт утаа болон бусад үлдэгдэлгүйгээр устгах арга технологиудын эрэлд эрдэмтэд гарч, шинэ нээлтүүд зарим оронд аль хэдийнэ амьдралд нэвтэрч эхэлсэн.

Хог хаягдлыг газарт булах арга намгийн хий ялгаруулдаг учраас шүүмжлэлд өртдөг байв. Харин АНУ-ын Калифорни муж, мөн Нидерланд улс дахь хог хаягдлын төвлөрсөн цэгээс ялгарч байгаа намгийн хийг системтэйгээр цуглуулан, дэвшилтэт технологийн тусламжтайгаар эрчим хүч болгон хувиргаж эхэлжээ. 250 киловаттаас 1 мегаваттын эрчим хүч үйлдвэрлэх хүчин чадалтай эдгээр хог хаягдал булшилсан газрууд нэг мянга хүртэлх өрхийг эрчим хүчээр хангах боломжтой юм байна.

Нийтэлсэн: Э.Энхрэл

Дэлхийн хотуудаас жилд 1.3 тэрбум тонн хог хаягдал гардаг  
Үзсэн: 1035 Mongolian National Broadcaster  

Сэтгэгдэл бичих:

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.
1000 Сэтгэгдэлээ бичнэ үү

Бидэнтэй нэгдээрэй