
Сирид энх тайван тогтоох асуудлаарх яриа хэлэлцээ өнөөдөр Женевт болох гэж байгаа ч Сирийн сөрөг хүчний бүлэглэлүүд яриа хэлэлцээнд оролцохгүй гэдгээ албан ёсоор мэдэгдлээ. Сирийн хямралыг эцэслэх яриа хэлэлцээг сүүлийн хоёр жилд анх удаа зохион байгуулахаар оролдсон нь ийнхүү бүтэлгүйтэж магадгүй болоод байна.
Сирийн Ерөнхийлөгч Башар Асадын Засгийн газрыг эсэргүүцэгч зарим сөрөг хүчний бүлэглэл нэгдэн Саудын Араб улсад төвтэй зөвлөлдөх хороо байгуулсан. Тус хороо Сирийн Засгийн газраас босогчдын бүс нутаг дахь агаарын цохилтоо зогсоох, зарим хот, тосгоныг бүслэлтээс чөлөөлөхийг шаардсан боловч энэ шаардлагыг нь биелүүлээгүй учраас энхийн хэлэлцээнд оролцохгүй гэж шийдвэрлэсэн байна. Харин Сирийн Засгийн газар энхийн хэлэлцээнд оролцохыг хэдийнэ зөвшөөрсөн. Сирид ОХУ агаарын цэргийн ажиллагаа эхлүүлснээс хойш Башар Асадын цэргүүд босогчдод алдсан нутаг дэвсгэрээ эргүүлэн чөлөөлж эхлээд байгаа юм.
Сирийн сөрөг хүчин энэхүү энхийн хэлэлцээнд оролцох түүхэн боломжийг алдах учиргүй тул урьдчилж болзол тавилгүй оролцох нь зүйтэй гэж АНУ-ын төрийн департамент мэдэгдлээ. 250 мянга гаруй хүний аминд хүрч тав дах жилдээ үргэлжилж байгаа зэвсэгт мөргөлдөөнийг эцэс болгох зорилготой энэ хэлэлцээг өнөөдөр Женевт шууд бус оролцоотойгоор хийж чадна гэж НҮБ-ын тусгай элч Стаффан де Мистура найдаж байна. Анх өнгөрсөн даваа гарагт эхлэх товтой байсан Сирид энх тайван тогтоох яриа хэлэлцээнд оролцох талууд бүрэн тодорхой болоогүйн улмаас дөрөв хоног хойшлогдсон юм. Энэ мэт олон саад бэрхшээлийг давж, өнөөдөр хийхээр төлөвлөсөн яриа хэлэлцээ сөрөг хүчний оролцоогүйгээр зохион байгуулагдах эсэх нь одоогоор тодорхой бус байна.
Сирийн сөрөг хүчин энхийн яриа хэлэлцээнд оролцохгүй гэв | ||
Үзсэн: 796 | Mongolian National Broadcaster |
Сэтгэгдэл бичих:
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.