
Боловсруулсан хоол хүнс тархинд мансууруулах бодистой адил үйлчилгээ үзүүлж, улмаар донтуулах аюултай гэж судлаачид анхааруулдаг. Тэгвэл боловсруулсан олон төрлийн бүтээгдэхүүнээс аль бүтээгдэхүүнд хүмүүс илүү их донтдогийг илрүүлэхээр эрдэмтэд судалгаа явуулсан байна. 504 хүн оролцсон энэ судалгааны дараа хамгийн их донтуулдаг бүтээгдэхүүний жагсаалтыг гаргажээ.
Эрдэмтдийн таамаглаж байсанчлан нүүрс ус, чихрийн агууламж ихтэй бүтээгдэхүүн дээрх жагсаалтыг тэргүүлсэн байна. Судалгаанд оролцогчид шоколадыг хамгийн татгалзах аргагүй бүтээгдэхүүнээр нэрлэсэн бол түүний араас зайрмаг, шарсан төмс удаалжээ. Үүний дараа дахин цахим ертөнцөөр санал асуулга явуулж, хамгийн их донтуулдаг бүтээгдэхүүнийг 1-7 гэсэн шатлалын дагуу үнэлүүлсэн байна. Энэ судалгаанд 384 хүн оролцсоноос дийлэнх нь пиццаг татгалзах аргагүй хүнсээр нэрлэжээ.
Дунджаар 4.1 оноо авсан пиццаны араас шоколад, чипс 3.7 гэсэн оноогоор удаалсан байна. Эдгээр бүтээгдэхүүний араас илчлэг ихтэй, чихэрлэг хэд хэдэн бүтээгдэхүүн эхний байруудад жагссан бол өргөст хэмх, лууван, буурцаг зэрэг хүнсний ногоо сүүл мушгисан байна. Цэвэр ус хүртэл эдгээр бүтээгдэхүүний дээгүүр жагссан нь эрдэмтдийн гайхашруулсан байгаа юм. Мансууруулах бодис хэрэглэдэг хүний тархин дахь дофамин гэх сэтгэлийн таашаал үүсгэдэг даавар ялгаруулах системд өөрчлөлт ордог нь судалгаагаар тогтоогдсон.
Харин нүүрс ус ихтэй, чихэрлэг бүтээгдэхүүн байнга хэрэглэдэг хүний дофамин ялгаруулах системд яг ийм байдлаар өөрчлөлт ордог байна. Үүнтэй холбоотойгоор хүн мансууруулах бодис, согтууруулах ундаанд донтдогтой яг адилаар шоколад, шарсан төмс болон бусад хүнсний бүтээгдэхүүнд донтож болзошгүй гэж эрдэмтэд тайлбарлаж байна.
Боловсруулсан хүнс хар тамхи шиг донтолт үүсгэдэг | ||
Үзсэн: 2333 | Mongolian National Broadcaster |
Сэтгэгдэл бичих:
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.