
Өнгөрсөн хоёр жилийн хугацаанд Европын холбооны нутаг дэвсгэрт очсон 10 мянга гаруй дүрвэгч хүүхэд ор сураггүй алга болсон талаар Европын холбооны цагдаагийн байгууллага болох Европолын тагнуулын алба мэдээлж байна. Цагаач дүрвэгчдийн цуваанд хараа хяналтгүй явж байгаа бага насны хүүхдүүд гэмт хэргийн бүлэглэлүүдэд хулгайлагдаж, улмаар боолчлол, бэлгийн мөлжлөгийн золиос болж байх магадлалтай гэдгийг тус байгууллага анхааруулжээ.
Өнгөрсөн онд л гэхэд 26 мянга орчим дүрвэгч хүүхэд харгалзах хүнгүйгээр Европ тивд хүрч очсон бол тэдгээр хүүхдийн 40 орчим хувь нь дүрвэгчдийн бүртгэлд хамрагдсаныхаа дараа ор сураггүй болсон аж. Италид 2014 оны зунаас хойш таван мянга гаруй дүрвэгч хүүхэд алга болсон гэх тооцоог тус улсын эрх баригчид өнгөрсөн оны хавар гаргаж байсан юм. Мөн Шведийн Треллеборг хотод өнгөрсөн есдүгээр сараас аравдугаар сарын хооронд хараа хяналтгүй нэг мянга гаруй дүрвэгч хүүхэд, өсвөр насныхан сураггүй алга болжээ. Энэ мэт тоон мэдээг Европолын тагнуулын албаныхан нэгтгэн, Европ даяар сураггүй алга болсонд тооцогдож байгаа дүрвэгч хүүхдүүдийн нийт дүнг анх удаа гаргасан байна.
Харгалзах хүнгүй яваа дүрвэгч хүүхдүүдийг алга болсон тохиолдолд холбогдох албаныханд мэдэгдэх, араас нь нэхэн хайх хүн байхгүйгээс гэмт хэргийн бүлэглэлүүдийн хараанд өртөж байна гэж Европол үзэж байгаа юм. Үүнээс гадна Европт очиж байгаа цагаач дүрвэгчдийн гол дамжин өнгөрөх цэг болох Грект очсон олон тооны дүрвэгч хүүхэд бүртгэлд хамрагдаагүй байхдаа ор сураггүй болсон байж магадгүй байна. Грекийн эрх баригчид нутаг дэвсгэртээ очиж байгаа олон цагаач дүрвэгчийг нэг бүрчлэн бүртгэн авч чадахгүй байгааг Европы холбооны бусад орон шүүмжилж байгаа юм. Ор сураггүй болсон эдгээр хүүхдийг хайж олох, Европт хөлөө олоход нь туслах, гэр бүлтэй нь эргэн уулзуулахын тулд Европын холбоо хүч хөрөнгө зарна гэдэгт найдаж байгаагаа Олон улсын шилжих хөдөлгөөний байгууллага мэдэгдсэн байна.
Европт харгалзах хүнгүйгээр очсон 10 мянган дүрвэгч хүүхэд ор сураггүй болжээ | ||
Үзсэн: 521 | Mongolian National Broadcaster |
Сэтгэгдэл бичих:
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.