
Өнгөрсөн баасан гарагт Сирид энх тайван тогтоох тухай яриа хэлэлцээ Швейцарийн Женев хотноо эхэлсэн. Тус яриа хэлэлцээнд оролцохгүй гэж байсан Сирийн сөрөг хүчнийхний төлөөлөл өчигдөр Женевт очиж, НҮБ-ын Сирийн асуудал хариуцсан тусгай төлөөлөгч Стаффан де Мистуратай уулзжээ.
Үүний дараа Стаффан де Мистура Сирийн Засгийн газрын төлөөллийг мөн хүлээн авч уулзсан байна. Сөргөлдөгч талууд нэг ширээний ард суухаас татгалзсан учраас НҮБ-ын Сирийн асуудал хариуцсан тусгай төлөөлөгч талуудын хооронд зуучлагчийн үүрэг гүйцэтгэн, шууд бус хэлэлцээ зохион байгуулж байгаа юм. Цаашид энэ хэлэлцээг амжилтад хүргэн, шууд хэлэлцээ зохион байгуулах боломж бүрдүүлэхийг НҮБ-ын тусгай төлөөлөгч зорьж байна. Сирийн сөрөг хүчнийхэн Стаффан де Мистуратай уулзах үеэрээ Башар Асадын Засгийн газартай шууд хэлэлцээнд ороход хэд хэдэн урьдчилсан нөхцөл тавьжээ.
Эдгээрийн дотор НҮБ-ын Аюулгүйн зөвлөлийн холбогдох тогтоолд заасанчлан энгийн иргэдийн оршин суугаа бүс нутагт агаарын цохилт өгөхгүй байх, бүслэлтэд орсон хот тосгодыг чөлөөлөх, бүслэлтэд байгаа иргэдэд хүмүүнлэгийн тусламж хүргэх боломжоор хангах зэрэг нөхцөл багтаж байна. Харин Сирийн Засгийн газрын төлөөлөл сөрөг хүчнийхний эдгээр урьдчилсан нөхцөлийг хүлээн авахгүй гэдгээ мэдэгдсэн байна. Мөн Сирийн Засгийн газрын төлөөлөгч энх тайван тогтоох яриа хэлэлцээнд сөрөг хүчний "Исламын Арми" бүлэглэлийг оролцуулах эсэх тухайд “Тус бүлэглэлийг Сирийн Засгийн газар алан хядагч байгууллагад тооцож байгаа, иймээс алан хядагчидтай яриа хэлэлцээ хийхгүй” гэх байр сууриа илэрхийлжээ. Өнөөдөр Стаффан де Мистура Женев хотод хоёр талын төлөөлөлтэй шууд бус яриа хэлэлцээг үргэлжлүүлэх юм байна.
Сирийн сөрөг хүчний төлөөлөл Женев дэх хэлэлцээнд нэгдлээ | ||
Үзсэн: 494 | Mongolian National Broadcaster |
Сэтгэгдэл бичих:
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.