
ОХУ-ын Батлан хамгаалах яам 2015 оны сүүлчээр зэвсэглэлдээ нэвтрүүлсэн Су-35Си гэх шинэ загварын сөнөөгч нисэх онгоцоо Сири улсад явуулж байгаа агаарын цэргийн ажиллагаанд ашиглахаар шийдвэрлэжээ. "Коммерсант" сонины мэдээлснээр эхний ээлжинд энэ загварын дөрвөн онгоцыг Сирид илгээж, турших юм. Ингэснээр Сирид алан хядагч бүлэглэлүүдийн эсрэг агаарын цэргийн ажиллагаанд оролцож байгаа Оросын байлдааны онгоц, нисдэг тэрэгний тоо 70-д хүрч байна.
Шинэ сөнөөгч онгоц нь ОХУ-ын агаар-газар ангиллын дөрөв дэх үеийн СУ-34 онгоцны сайжруулсан загвар юм. Энэ онгоцыг 2015 оны сүүлээр нутаг дэвсгэрийн аюулгүй байдлыг хангах, агаарын хилийн зөрчлийг арилгах зориулалтаар цэргийн нисэх хүчинд анх ашиглаж эхэлсэн байна. Энэ загвар нь сайжруулсан радио долгионы илрүүлэлтийн систем, нислэгийн үед хүндийн төвөө шилжүүлэх удирдлагын төвтэй тул ойрын 30 жилийн хугацаанд ашиглалтад байна гэж тооцоолж байгаа юм.
Одоог хүртэл ОХУ Сирид хийж байгаа цэргийн ажиллагаандаа Су-24Эм, Су-34, Су-25, Су-30 Си-Эм гэсэн найдвартай сөнөөгч онгоцуудаа ашиглаж ирсэн. Сүүлийн үед ОХУ нисэх хүчиндээ онцгой анхаарах болсон нь Турк улс агаарын хилийг нь зөрчсөн гэсэн шалтгаанаар тус улсын бөмбөгдөгч онгоцыг сөнөөсөнтэй холбоотой байж болзошгүй гэж олон улсын шинжээчид дүгнэж байна.
Үүнээс гадна Орос Сирид шинэ загварын нисэх онгоцоо илгээж туршсанаар Сирид алан хядагчдын эсрэг агаарын цохилт өгч байгаа АНУ тэргүүтэй олон улсын цэргийн эвсэлд багтсан бусад орны сөнөөгч онгоцуудтай техникийн болон бусад үзүүлэлтүүдийг харьцуулж үзэх, нислэгийн чадварыг нь байлдааны нөхцөлд турших боломж олгоно гэдгийг мэргэжилтнүүд онцолж байна.
ОХУ шинэчилсэн СУ-35СИ загварын онгоцоо Сирид илгээнэ | ||
Үзсэн: 3172 | Mongolian National Broadcaster |
Сэтгэгдэл бичих:
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.