Шууд Chart

ДЭМБ Зика вирусын эсрэг онц байдал зарлалаа

2016-02-02 11:49:18

Карибын сав газар болон Латин Америкийн орнууд, тэр дундаа Бразилд шинээр мэндэлж байгаа хүүхдүүдийг эхийн хэвлийд байхаас нь ноцтой согогтой болгож байгаа Зика вирусын эсрэг Дэлхийн эрүүл мэндийн байгууллага олон улсын хэмжээнд онц байдал зарлалаа. Зика вирусын халдварын эсрэг дэлхийн улс орнууд эв санаа нэгдэн тэмцэх хэрэгтэй гэдгийг тус байгууллагын мэргэжилтнүүд онцолж байна.

Шумуулаар халддаг энэхүү вирус эхийн хэвлийд байгаа ургийн тархины хөгжлийг саатуулж, жижиг толгойтой, улмаар оюуны хомсдолтой болгодог байж магадгүй гэдэгт гол аюул оршиж байгаа юм. Өнгөрсөн 10-р сараас хойш зөвхөн Бразил улсад л гэхэд зика вирусын халдвартай эхчүүдээс төрсөн 4 мянга орчим хүүхэд микроцефали гэж нэрлэгддэг ийм эмгэгтэй байжээ.

Цаашид зика вирусын халдвар хурдацтай тархах хандлагатай байгааг харгалзан Дэлхийн эрүүл мэндийн байгууллага өчигдөр Женевт шуурхай хуралдаж, зика вирусыг Эбола вирустай ижил ангилалд багтаан, тус вирусын эсрэг онц байдал зарласан байна. Онц байдлын хүрээнд жирэмсэн эмэгтэйчүүд болон тэдний хэвлийд байгаа ургийг зика вирусын халдвараас сэргийлэхийг нэн тэргүүнд зорих юм байна.

ДЭМБ жирэмсэн эмэгтэйчүүдийг зика вирусын халдвар тархсан бүс нутагт зорчихоос зайлсхийх, хэрэв ийм бүс нутагт амьдарч байгаа бол халдвараас сэргийлэх тухай эмчээс зөвлөгөө авах, шумуулаас хамгаалах тос, шүршлэг хэрэглэхийг зөвлөж байна. Одоогоор зика вирусын халдвар 25 оронд бүртгэгдээд байгаа. Энэ онд тус вирусаар халдварласан хүний тоо 4 саяд хүрч болзошгүй гэж ДЭМБ тооцоолж байна.

Гэхдээ сүүлийн үед олноор бүртгэгдэж байгаа микроцефали гэх эмгэг зика вирусын халдвараас болж үүссэн гэх шинжлэх ухааны үндэстэй баримт нотолгоо хараахан илрээгүй байна. Үүнийг үл харгалзан онц байдал зарласан шалтгаанаа ДЭМБ хурдацтай тархаж байгаа зика вирусын халдварыг зогсоох яаралтай арга хэмжээ шаардлагатай байгаатай холбон тайлбарлаж байна.

Нийтэлсэн: Э.Энхрэл

ДЭМБ Зика вирусын эсрэг онц байдал зарлалаа  
Үзсэн: 498 Mongolian National Broadcaster  

Сэтгэгдэл бичих:

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.
1000 Сэтгэгдэлээ бичнэ үү

Бидэнтэй нэгдээрэй