
Умард Солонгос энэ сарын 8-25-ны хооронд хиймэл дагуул хөөргөхөөр төлөвлөж байгаа гэдгээ НҮБ-ын холбогдох агентлагуудад мэдэгдсэн байна. Харин Өмнөд Солонгос, Япон зэрэг Умардын хөрш орнууд тус улсыг хиймэл дагуул хөөргөх нэрийдлээр алсын тусгалтай пуужин туршиж магадгүй гэж болгоомжилж байгаа юм.
Умард Солонгос өнгөрсөн сард цөмийн бөмбөг туршсантай холбогдуулан тус улсын эсрэг НҮБ-ын Аюулгүйн зөвлөл шинэ хориг арга хэмжээ хэрэгжүүлэх тогтоолын төсөл боловсруулж байна. Энэ тогтоолын төслийг ашиглан Умардын эсрэг хориг арга хэмжээг чангатгаж, тус улсын эсрэг эрс хатуу байр суурь баримталж байгаагаа харуулах хэрэгтэй гэж АНУ-ын Төрийн департаментын хэвлэлийн төлөөлөгч мэдэгдсэн байна. Өчигдөр Олон улсын далайн байгууллага Умард Солонгосоос “дэлхийн гадаргыг ажиглах” зориулалттай хиймэл дагуул хөөргөх тухай мэдэгдэл хүлээн авсан гэдгээ олон улсад зарласан юм.
Тус байгууллагын хүлээн авсан мэдэгдэлд тусгаснаар хиймэл дагуул тээвэрлэсэн пуужингийн салж унах зориулалттай бүрдэл хэсгийн эхнийх нь Шар тэнгист Өмнөд Солонгосын баруун эргийн ойролцоо унах юм байна. Мөн хиймэл дагуулын гаднах хамгаалалтын хэсэг Чежү арлын ойролцоо тэнгист унаж магадгүй гэдгийг Умардын эрх баригчид мэдэгджээ. Хэрэв Умардын хиймэл дагуул тээвэрлэсэн пуужин төлөвлөсөн замынхаа дагуу амжилттай хөөрвөл Японы Сакишима арлын дээгүүр гарах төлөвтэй байна. Иймээс дээр дурдсан хугацаанд хөлөг онгоцууд эдгээр бүс нутагт зорчихоос зайлсхийхийг Олон улсын далайн байгууллага зөвлөж байна.
Умард Солонгос хиймэл дагуул хөөргөнө | ||
Үзсэн: 934 | Mongolian National Broadcaster |
Сэтгэгдэл бичих:
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.