
Швейцарийн Засгийн газар бүх иргэндээ сар бүр 2500 франк олгож байх асуудлаар ирэх зургаадугаар сарын 5-ны өдөр бүх нийтийн санал хураалт зохион байгуулахаар товлоод байна. Энэ тухай өнгөрсөн сарын 27-нд зарласнаас хойш сар бүр олгох тэтгэмжтэй холбоотой асуудал дан ганц тус улсад төдийгүй олон улсын хэвлэлүүдийн анхаарал татсан сэдэв болжээ.
Одоогоор 2500 Швейцари франк 2800 америк доллартай дүйх ханштай байгаа юм. Энэ мөнгийг улсаас хүн бүрт олгоод эхэлбэл ажил эрхлэх хүний тоо багасч, хөдөлмөрийн зах зээлд асуудал үүсэх вий гэж судлаачид болгоомжилж байсан. Тэгвэл Швейцарийн хүн амын дунд яг энэ асуудлаар санал асуулга явуулахад сардаа ийм хэмжээний мөнгөн тэтгэмж авдаг болчихвол нийт ард иргэдийн ердөө 2-хон хувь нь л ажлаасаа гарахаар төлөвлөсөн гэх дүн гарчээ. Иргэдийн сарын орлогод нэмэрлэх 2500 франк өртөг өндөртэй Швейцари улсад төдийлөн их мөнгө биш юм байна.
Ажил хийлгүй, дан энэ тэтгэмжээр амьдрахад хүнд гэдгийг мэргэжилтнүүд сануулж байгаа юм. Хэрвээ одоо яригдаж байгаачлан насанд хүрэгсдэд 2500 франк хүүхдэд 625 франк сар бүр олгохоор шийдвэрлэвэл энэ тэтгэмжийн санг бүрдүүлэхэд жилд 200 тэрбум франк шаардагдах юм байна. Үүний 70 тэрбумыг одоогийн нийгмийн халамжийн болон тэтгэврийн сангаас гаргаж, үлдсэнийг нь эдийн засгийн орлогоос санхүүжүүлэхээр энэ санаачилгыг гаргагчид тооцож буй юм байна. Одоогоор Швейцарид цалингийн дундаж хэмжээ сард 6 мянган франк байгаа юм. Хэдийгээр Швейцарийн Засгийн газар тус тэтгэмжийг санаачлагчдын хүсэлтээр бүх нийтийн санал хураалт явуулахаар товлоод байгаа ч сар бүр олгох мөнгөн тэтгэмжийг эсэргүүцсэн байр суурьтай байгаа юм. Түүнчлэн өнгөрсөн 12 дугаар сард парламентаар энэ асуудлыг хэлэлцүүлсэн боловч дэмжлэг авч чадаагүй байна.
Швейцарийн бүх иргэнд сар бүр 2500 франкийн тэтгэмж олгож магадгүй | ||
Үзсэн: 1040 | Mongolian National Broadcaster |
Сэтгэгдэл бичих:
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.