
Сирийн Ерөнхийлөгч Башар Асадын цэргүүд тус улсын хамгийн том хот болох Алеппог босогчдын хяналтаас чөлөөлөх давшилтаа үргэлжлүүлж байна. Өчигдөр эдгээр цэрэг Алеппо хотын хойд хэсэгт орших тосгоныг хяналтандаа оруулсан тухай Сирийн "САНА" агентлаг мэдээллээ. Хардатнеен гэх тус тосгоныг чөлөөлөх ажиллагааны үеэр ОХУ-ын агаарын цэргийн хүчин Асадын цэргүүдэд дэмжлэг үзүүлсэн байна. Их Британид төвтэй Сири дэх хүний эрхийн ажиглагч байгууллагын мэдээлж байгаагаар Сирийн Засгийн газрын цэргүүд энэ даваа гарагаас хойш Алеппо хотын ойролцоох гурван тосгоныг хяналтандаа оруулсан байна.
Ингэснээр Асадын цэргүүд Алеппод байгаа сөрөг хүчний босогчдод хангамж хүргэдэг гол замуудыг эзлэн авах боломжтой болж байна. Өнгөрсөн онд Башар Асадын цэргүүд сөрөг хүчний босогчид болон алан хядагч бүлэглэлүүдэд удаа дараалан ялагдал хүлээж, нутаг дэвсгэрийнхээ зарим хэсгийг хяналтаасаа алдаад байсан юм. Харин есдүгээр сард ОХУ Сирид алан хядагчдын эсрэг агаарын цэргийн ажиллагаа эхлүүлснээс хойш Асадын цэрэг давшилтаа эрчимжүүлж, босогчдоос газар нутгаа эргүүлэн чөлөөлж эхэлсэн гэдгийг ажиглагчид онцолж байна. Ийнхүү Сирийн Засгийн газар Алеппог чөлөөлөх давшилтаа үргэлжлүүлэх хооронд Швейцарийн нийслэл Женев хотноо албан ёсоор эхэлсэн энхийн хэлэлцээ хоёр дахь хоногтойгоо золгосон юм.
Өчигдөр НҮБ-ын Сирийн асуудал хариуцсан төлөөлөгч Стаффан де Мистура Сирийн Засгийн газрын болон сөрөг хүчний төлөөллийг дахин хүлээн авч уулзжээ. Товоо хоёр ч удаа хойшлуулсны эцэст даваа гарагт албан ёсоор эхэлсэн Сирид энх тайван тогтоох тухай яриа хэлэлцээг амжилттай дуусгахад асар их хичээл зүтгэл шаардлагатайг Стаффан де Мистура онцолж байна. Хэрэв энэ удаагийн хэлэлцээ бүтэлгүйтвэл Сирийн иргэний дайныг эцэслэх найдлага үгүй болно гэж тэрээр үзэж байгаа аж.
Алеппо хотын ойролцоох тосгоныг чөлөөлжээ | ||
Үзсэн: 790 | Mongolian National Broadcaster |
Сэтгэгдэл бичих:
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.